
Зургийг: Pedro Pardo/AFP/Getty Images
Bloomberg -- Asics компани бүтэн жилийн ашгийн төсөөллөө дээшлүүлж, түүхэн өндөр ашигтай ажиллах төлөвтэйгөө танилцуулсны дараа хувьцааны ханш нь 18 хүртэлх хувиар өслөө.
Японд төвтэй, спорт хувцас үйлдвэрлэлийн тус компани энэ онд үйл ажиллагааны ашиг нь 136 тэрбум иен буюу 919 сая ам.долларт хүрэхээр байгааг Лхагва гарагт мэдээлжээ. Ашгийн шинэ төсөөлөл нь шинжээчдийн дундаж таамаглал болон компанийн өмнөх төсөөлөл болох 120 тэрбум иенээс давсан байна. Урьд нь Asics ашгийн хэмжээ нь 2026 онд л 130 тэрбум иений босгод хүрнэ гэж тооцоолж байв.
Компанийн гүйлтийн болон спорт загварууд, Onitsuka Tiger брэндийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт маш сайн байсны зэрэгцээ АНУ-ын тарифтай холбоотой тодорхойгүй байдал намжсан тул ашгийн хэмжээ нь төсөөллөөс хурдтай өсөж буйг Asics онцолсон байна.
Тарифаас шалтгаалж Хойд Америк дахь үйл ажиллагаанд нь учирч болзошгүй алдагдлын тооцооллоо компани 40 хувиар бууруулж 3 тэрбум иен болгоод буй. Мөн тус зах зээлээс олох ашгийн төсөөллөө өмнөхөөс 30 хувиар өсгөж 15 тэрбум иен болгожээ.