
Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцэст 5.2 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 0.24 хувиар нэмэгдсэнийг Монголбанк мэдээллээ. Харин оны эхнээс 5.51 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 7.59 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.
VI сард гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкнуудад 480 сая ам.долларыг нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэнээ цахим хуудсандаа мэдээлжээ. 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээндээ буюу 5.5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаад валютын нөөц оны эхнээс түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалан багасах чиг хандлагатай байсан юм.
Үүний зэрэгцээ оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцлийн алдагдал 470 орчим сая ам.долларт хүрэхээр байгааг Монголбанк мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал найм дахин нэмэгдэнэ гэсэн үг вюм. Хэдийгээр 2025 онд өндөр дүнтэй гадаад төлбөр тооцоо байхгүй ч нүүрсний үнэ унасан алдагдлыг нөхөхгүй бол экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал өсөх сорилт хүлээж буйг Монголбанк тодотгож байлаа. Тиймээс "Алт-3" аяныг бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ. Одоогоор төв банк валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулж байгаа аж.
"Богино хугацаанд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, ам.долларын ханшийг төгрөгийн эсрэг тогтвортой байлгах гол эх үүсвэр нь алт гэж харж байна. Дээрээс нь онгоцоор тээвэрлэх боломжтой учраас дэд бүтцийн асуудалд өртөхгүй"