
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа. Гурван жилийн хугацаатай, 8.5 хувийн тогтмол хүүтэй бондыг Австрийн Венийн Хөрөнгийн биржид бүртгэснийг “Bloomberg” мэдээлэв.
Шинэ бондын нэгж үнийг 98 ам.доллароор санал болгож байгаа бөгөөд 2028 оны долоодугаар сарын гурванд хугацаа нь дуусах юм байна.
Хэлцэлд хөрөнгө оруулалтын “J.P. Morgan” болон “HSBC” банк хамтран ажиллаж, олон улсын томоохон хөрөнгө оруулагч оролцжээ.
Монгол Улсын Хөгжлийн банк энэхүү урт хугацаат эх үүсвэрийг гадаад өрийн удирдлагыг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилгоор ашиглана. Санхүүжилт нь улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах, цаашлаад стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах суурь боломж бүрдүүлж байгаа аж.
Үүнээс гадна Хөгжлийн банк өмнө нь гаргасан 200 сая ам.долларын бондоо эргүүлэн худалдан авах тендер зарласан гэсэн мэдээллийн дараа бондын ханш эрчимтэй өссөн хөдөлгөөнтэй байна.
Сүүлийн байдлаар тус банкны 2026 оны гуравдугаар сарын долоонд хугацаа нь дуусах, 11 хувийн купонтой бондын ханш 102 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Өөрөөр хэлбэл нэрлэсэн үнэ болох 100 ам.доллароос хоёр хувиар өссөн дүнтэй байна.