
Зургийг: Bloomberg
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 52 долоо хоногийн доод түвшинд хаагдаад байсан “Rio Tinto”-ийн хувьцааны ханшийн уналт даваа гарагт ч үргэлжиллээ.
Австралийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн доод түвшин болох 102 австрали доллароос буурч, 2023 оны наймдугаар сараас хойших доод цэгт хүрсэн үзүүлэлттэй байна.
Хэдий тийм боловч урт хугацаандаа “Rio Tinto”-ийн хувьцааны ханш эргэн 120 австрали доллар хүрэх тооцоотой байгааг “UBS” банкны шинжээчид мэдээллээ. Өөрөөр хэлбэл ирэх нэг жилийн хугацаанд 17.5 хувиар өсөх боломжтой байна гэж таамаглажээ.
“Оюутолгой” төслийн зэсийн гарц 2025 онд 50 хувиар өсөхөөс гадна төмрийн хүдрийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг баруун Африкийн "Simandou" ордын олборлолт энэ оны 11 дүгээр сард эхлэхээр байгаа нь тус компанийн ашиг, орлогод түлхэц болно гэж "UBS"-ийн шинжээчид тооцоолж байна.
Мөн 2025 оны санхүүгийн жилд “Rio Tinto” компани 10.25 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 6.28 ам.долларын ногдол ашиг тараана гэж таамаглажээ.