
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
2024 онд инфляц болон гадаад валютын ханшийн өөрчлөлт АПУ ХК-ийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл харьцангуй тогтвортой байсныг үйл ажиллагааны тайландаа онцолсон байна.
Өнгөрсөн онд 192.9 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани сүү, сүүн бүтээгдэхүүний брэндийн нэр төрлийг нэмэгдүүлж ажилласнаа тодотгожээ.
Цаашид зах зээлд эзлэх хувиа тэлэх хүрээнд нэмэлт санхүүжилт татаж, хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Тухайлбал: өнгөрсөн оны 11 дүгээр сард Азийн Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай 40 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан байна.
Үүнээс гадна АПУ ХК-ийн хөрөнгө оруулагчдын тоо 2023-2024 онд 55 хувиар өсжээ. Харин 2025 он гарсаар хувьцаа эзэмшигчдийн тоо нь гурван хувиар нэмэгдсэн байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь бага зэрэг нэмэгдэж, гуравдугаар сарын эцэст 13.44 хувьтай байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээс харж болохоор байгаа юм.
Тайлант хугацаанд тус компанийн нэгж хувьцааны ханш 17.3 хувиар буурсныг мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 29-ний хаалтын ханшаар АПУ ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 988.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.