
Зургийг: Xinhua/Lin Shanchuan via Getty Images
(Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн зөвлөл ням гарагт цөмийн 10 шинэ реакторын төсөлд зөвшөөрөл олгосноор тус улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд цөмийн эрчим хүч голлох үүрэгтэй байхыг баталгаажууллаа. Ингэснээр сүүлийн дөрвөн жил дараалан БНХАУ жилд багадаа 10 шинэ реакторын төслийг гараанаас хөдөлгөж байна.
Одоогоор тус улсад 30 реакторын бүтээн байгуулалт нь үргэлжилж буй бөгөөд 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж, цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс болох төлөвтэй.
Шинээр зөвшөөрөл олгосон 10 реакторын төслийн нийт өртөг 200 тэрбум юань буюу 27 тэрбум орчим ам.доллароор хэмжигдэхээр байгааг “The Paper” мэдээлжээ. Тэдгээрээс дөрвийнх нь гүйцэтгэгчээр Төрийн өмчит “China General Nuclear Power” компани ажиллахаар тендерт ялсан бол “China National Nuclear Corp”, “State Power Investment Corp”, “China Huaneng Group”-т тус тус хоёр реакторын төсөл оногджээ.
2025 оны эцэс гэхэд БНХАУ-ын цөмийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 65 гигаваттад хүрэхийг тус улсын Цахилгаан эрчим хүчний зөвлөл мэдээлсэн байна. Харин 2040 онд хүчин чадал нь 200 гигаватт давж, нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 10 хувийг бүрдүүлнэ гэж БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний ассоциаци тайландаа онцолжээ.
Төлөвлөгдсөн реакторууд тус бүрийн өртөг 2.7 тэрбум ам.доллар байгаа нь АНУ, Европын шинэ төслүүдтэй харьцуулбал зардал маш багатайд тооцогдох юм. Тухайлбал: Их Британийн "Hinkley Point C" атомын цахилгаан станцад баригдаж буй хоёр реакторын өртөг нийлээд 63.7 тэрбум ам.доллар хүрч байгаа аж.
БНХАУ-ын Төрөөс төсөл хөгжүүлэгчдийг бага хүүтэй зээлээр дэмждэг тул атомын цахилгаан станцын төсөл хэрэгжилтийн явцад хамгийн их зардал шаарддаг бүтээн байгуулалтын үе шатанд санхүүжилтийн асуудлыг хялбар шийдэж, цаашлаад төсөл хойшлогдох магадлалыг багасгах давуу тал бий болгодог байна.