logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АМНАТ-ийн орлого эрс буурсан энэ үед Засгийн газар Үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг өөрчлөхөөр төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 28 10:00
    129

    Зургийг: mmhi.gov.mn

    Үндэсний баялгийн сангаас тусдаа байдаг Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ийн 10 хувийг төвлөрүүлж байгааг 15 хувь болгож нэмэгдүүлнэ

    Жил орчмын өмнө төсвийн тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашиг руу дөхөхөд АМНАТ 88.3 хувиар буюу 532.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлж байлаа. Ийнхүү төсвийн орлогын хөдөлгөгчийн байр сууриа бататгасан АМНАТ энэ оны эхний улиралд эрс буураад байна.

    Монгол Улс оны эхний гурван сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 353.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 68.9 хувиар буюу 783 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Нүүрсний үнэ, олборлолт эрс буурснаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлдэг орлогын тэн хагасыг бүрдүүлдэг болоод байгаа АМНАТ-ийн орлого дагаад унажээ.

    unnamed (2).jpg

    Ийнхүү төсвийн орлого эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар буурч, тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарснаар уламжлал болсон төсвийн тодотгол хаалга тогшиход ойртлоо.

    Хуваан байршуулна

    Олсноо хурааж хуримтлуулахын хажуугаар мега төслүүдээ хэрхэн санхүүжүүлэхэд тархиа гашилгаж буй Засгийн газар ер нь цаашид АМНАТ-ийг Баялгийн сангийн төлбөр гэж харахаа илэрхийлж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-өөс орон нутагт очих хувийг нэмэгдүүлэх, иргэдэд хуримтлалын дансанд нь харагдах мөнгийг өсгөхөд төвлөрөх аж.

    Таван хувийн АМНАТ-өөс төвлөрсөн орлогын одоогоор 65 хувийг Үндэсний баялгийн сан руу хийж буй. Ерөнхий сайдын мэдээлснээр хуулийн өөрчлөлтийн дагуу санд хуримтлагдсан АМНАТ-ийг дараах байдлаар хуваарилах аж.

    • Иргэд болон орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилах үүднээс Ирээдүйн өв санд 50 хувийг;
    • Хуримтлалын санд таван хувийг;
    • Хөгжлийн санд таван хувийг төвлөрүүлнэ.

    Харин Үндэсний баялгийн сангаас тусдаа байдаг Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ийн 10 хувийг төвлөрүүлж байгааг 15 хувь болгож нэмэгдүүлэх юм байна. Цаашид санд ногдох хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа тэрбээр мөн тодотгосон юм.

    2024 онд Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын дансанд 495.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

    28-1.JPG

    Cэтгэгдэл бичих