
Зургийг: Patrick Leger/Bloomberg
Олон арван жилийн турш "Wall Steet"-ийн хөрөнгө оруулагч, арилжаалагч байсны хувьд миний сурч авсан ганц зүйл гэвэл зах зээлд сандрал ирж л байдаг, явж л байдаг. Геополитик, инфляц, ашгийн базаахгүй төсөөлөл гээд зах зээлийг бужигнуулдаг, гэхдээ хувьсан өөрчлөгддөг хүчин зүйлс олон. Үүнээс үүдсэн савлагаа бидний шийдвэр гаргах сэдлийг улам өдөөдөг. Ялангуяа муу шийдвэр.
Зайлшгүй нөхцөл байдлаас бус өөрөөсөө болж гаргасан ийм төрлийн алдаа урт хугацаандаа санхүүг тань хорлочих гээд байдаг талтай. Тэгэхээр дүгнэлт гэвэл та жирийн хөрөнгө оруулагч ч бай, тэрбумтан ч бай туулайн чинээ алдаанаас уулын чинээ хор хохиролтой үр дагавар үүсэх нь бий. Хэр их мөнгөтэй байхаас үл хамааран энэ нүхэнд унахгүй байх арга юу вэ? Олон ялалтад битгий шуна. Харин аль болох цөөхөн алдаа гаргахыг бод.
Үдэшлэгт бүү хоцор
Өсөлт сайтай хувьцааны араас хөөцөлдсөнөөр үнэтэй авч, хямдхан зарах нөхцөлд орох магадлалтай. Гол нь энэ алдаа таныг хаширтал давтагдсаар байх болно. Дараах үйл явцыг та олон харсан байх. Нэг хувьцаа айхавтар өснө, хэвлэлүүд тултал нь магтана, дараа нь худалдан авагчид орж ирнэ. Гэхдээ бултаараа хоцорсон байх болно. Ингээд л зайлшгүй уналт ирнэ дээ.
Энэ үзэгдлийн сүүлийн жишээ гэвэл Кэти Вудсын удирддаг "ARK Innovation ETF" (ARKK) байна. Өсөлтийн ийм амжилттай сан урьд нь гарч байгаагүй. 2020 оны гуравдугаар сарын ёроол цэгээсээ 2021 оны хоёрдугаар сарын оргил цэг хүртлээ тус сан 153 хувиар өсөж байлаа. Тэр байтугай өгөөж нь нүд бүлтийлгэм 359 хувьд хүрснээр хөрөнгийн захад амтай болгон нь ярьж, санд үлэмж их хөрөнгө урсан орох үүд нээгдсэн юм.
Үүнд л асуудал нуугдаж байлаа. Ихэнх хөрөнгө оруулагч ARKK-ийг баатарлаг өсөлтийнх нь дараа худалдан авчээ. 2021 онд нэгж хувьцаа нь 160 ам.доллар дөхөж байх үед авсан азгүй хөрөнгө оруулагчид удалгүй энэ үнэ 80 хувиар унахыг харцгаав. 2022 оны эцэс үеэр 30 ам.доллар хүртлээ унаж байсан ARKK өдгөө 50 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Өнөөх гурван оронтой өгөөж ч холын мөрөөдөл болж хувирав. Харин өсөлтөөс нь өмнө орсон хөрөнгө оруулагчид ердөө нэг хувийн өгөөж хүртжээ.
Сармагчны тархиа удирд
Нобелийн шагналт Пол Самуэльсон “Хөрөнгө оруулна гэдэг будаг хатахыг, өвс ургахыг харж суухтай ижилхэн. Тэгэхээр хурдан баяжмаар байвал 800 ам.доллар аваад Лас Вегас явах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Хувьцаанд эрсдэлтэй мөрий тавиад ихийг олж, допаминаа ялгаруулах сайхан ч гэлээ урт хугацааны баялгийг бүтээх хүсэлтэй ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд пассив хөрөнгө оруулалт зөв сонголт болно.
Юу гэхээр та өөрийгөө өөрөөсөө хамгаалах алхам авах ёстой. Үүний тулд дураараа дургих данс буюу “ковбой данс” нээ. Үүндээ хөрвөх чадвартай нийт хөрөнгийнхөө таван хувийг хийчих хэрэгтэй. Хэрэв 100,000 ам.доллартой бол магадгүй 5000 ам.долларыг хамгаалалт болгож болно. Ингэснээр та дэндүү материаллаг хохирол амсахгүйгээр туршилт хийж, хорхойгоо дарах боломжтой болно.
Амжилттай боллоо гэхэд та жинхэнэ мөнгөөрөө биш, зугаацах зорилгоор хөрөнгө оруулсан учраас их мөнгө хийсэн хүмүүст тийм ч их атаархаад байхгүй. Харин бүтэлгүйтвэл энэ бол таны тоглох талбар биш гэсэн сургамжийг эртхэн авна гэсэн үг юм.
Мөрийгөө хамгаал
Аз дайрч, амьдрал өөрчлөх агуу их хөрөнгөтэй болчихвол та яах хэрэгтэй вэ? Энэ нь "Nvidia"-ийн хувьцаа байна уу, Биткойн байна уу, эсвэл таны байгуулсан компанийн хувьцаа байна уу тийм ч чухал биш. Гол нь түүнийгээ яг яах ёстой вэ? Зарах уу? Барих уу? Нэмж авах уу?
Ийм үед хожмын харамслыг аль болох нимгэлэх хөтөлбөр хэрэгжүүлээрэй. Өөрөөсөө асуугаад үз.
А хувилбар: Хав дарсан хувьцаа чинь навс унана.
Б хувилбар: Зарсан хувьцаа чинь огцом өснө. Аль нөхцөл байдалд та бага харамсах вэ?
Хянуур, болгоомжтой тоглох нь хэзээ ч муу сонголт болдоггүй. Юу үнэн бэ гэвэл үнэ ирээдүйд хаана очихыг бидний хэн нь мэдэхгүй, тэгэхээр одоо зарсан ч өөрийнхөө болон гэр бүлийнхээ амьдралыг өөрчлөх гэнэтийн орлогыг атгаж болно. Оруулсан хөрөнгө тань гэнэт цойлсон бол “100, үгүй бол 0” гэсэн шийдвэр заавал гаргах шаардлагагүйг санаарай. Хангалттай баян болгох дүнгээр хувьцаагаа зараад, үлдсэнийг нь хадгалах буюу дундыг баримтлах сонголт бий. Ингэснээр ирээдүйд өслөө гэхэд танд давуу талтай, уналаа гэхэд насан туршийн харамслаас таныг хамгаална.
Өгөөж хөөцөлдөхөө боль
Сүүлийн 25 жил үргэлжилсэн бага өгөөжийн мөчлөгт хөрөнгө оруулагчид гурван алдаа түгээмэл гаргасаар ирсэн. Урт хугацаатай бонд авах, доогуур үнэлгээтэй эрсдэлтэй бонд авах, өгөөжөө өсгөхийн тулд хөшүүрэг (зээл) ашиглах. Эдгээр стратегиуд мандах цагтаа мандаж л байлаа. Бас ухаалаг хүмүүс их хөрөнгөө алдахад хөтөлж ч байлаа. Ялангуяа хөшүүргийн стратеги.
Өгөөж, эрсдэл нэг зоосны хоёр тал гэдгийг умартах нь хөрөнгө оруулагчдын гол алдаа. Өндөр өгөөж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтын араас шунавал та хүссэн өгөөжөө авч чадахгүйгээр зогсохгүй анхны хөрөнгө оруулалтаа дахиж харахгүйгээр үдэх магадлал төдий чинээ ихэснэ.
“The Big Short” киноны үйл явдлыг санаарай. “AAA үнэлгээтэй, Засгийн газрын бонд шиг эрсдэлгүй ч өгөөжийн хувьд 200-300 суурь нэгжээр илүү” гэж анхандаа сурталчилж байсан ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цааснууд зах зээлээ бүхэлд нь унагадаг шүү дээ. Хамгийн туршлагатай, хашир хөрөнгө оруулагчид ч ялалтын хойноос хөөцөлдөж байж өөрийн хөлдөө бүдэрдэг болохыг энэ нь харуулж байна.