
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Гангийн гол түүхий эд коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаад багагүй хугацаа үдлээ. Энэ нь БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн маржинд эерэг нөлөө үзүүлж, улмаар гуравдугаар сард тус улсын боловсруулаагүй гангийн үйлдвэрлэл өссөн байна.
Эрх баригчдад нь таалагдахгүй
БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд өнгөрсөн сард бараг 93 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн дүн болов. Коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийн таатай нөхцөл экспортын өсөлттэй хавсарсан нь үүнд нөлөөлжээ.
Дашрамд дурдахад, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд 5.4 хувиар өссөний 40 орчим хувийг экспортын салбар бүрдүүлсэн нь гадаад худалдаанаас өндөр хамааралтай байдлыг нь тодотгож, тарифын дайны айсуй нөлөөллийн эмзэг цэг болох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлээд буй.
Ингэснээр оны эхний улирлын дүнгээр БНХАУ-ын гангийн нийт үйлдвэрлэл 0.6 хувиар өсөж, 259 сая тонн хүрч байна. Энэ нь тус улсын Засгийн газарт таатай мэдээ гэхээсээ илүү шүдний өвчин болох юм. Өнгөрсөн сард БНХАУ-ын эрх баригчид гангийн салбарынхаа илүүдэл нийлүүлэлтэд анхаарч, гарц танах арга хэмжээ авахаа амлаж байлаа.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн удаашралын хамгийн том хохирогчдын нэг нь гангийн салбар байсан юм. Салбарын хүчин чадлын илүүдэл 50 сая тонн хүрсэн бөгөөд ирэх 10 жилд энэ үзүүлэлт 250 сая тонн хүрч өсөх төлөвтэйг “Wood Mackenzie” энэ сард гаргасан тайландаа онцолжээ. Нийлүүлэлт нь илүүдэлтэй, ашиг нь тааруу хэвээр байвал гангийн үйлдвэрүүд түүхий эдийн худалдан авалтаа нэмэхээс цааргалж, улмаар коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэд дарамт болно.
БНХАУ-ын дотоодын илүүдэл нийлүүлэлтийг шингээх гол суваг нь одоогоор гадаад дахь борлуулалт болж байна. Худалдааны зөрчил хурцдахаас сэргийлсэн арилжаалагчид нийлүүлэлтээ яаравчлуулснаар БНХАУ-ын гангийн экспорт гуравдугаар сард 5.7 хувиар өсөж, сүүлийн таван сарын дээд түвшинд хүрчээ.
Стратеги гэж байна уу?
Ганцхан улсаас экспортын 90 гаруй хувийн хамааралтай Монгол Улсын нийт экспорт оны эхний улиралд 17 хувиар, БНХАУ-д хийсэн экспорт 17.5 хувиар, түүхий эдийн экспорт мөн л 17 хувиар буураад байна. Тэр дундаа коксжих нүүрсний экспортын үнийн дүн өмнөх оны мөн үеэс 42 хувиар унасан нь төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад гол нөлөө үзүүллээ.
Засгийн газар нүүрсний экспортын үнэ унахад биет хэмжээгээ нэмэгдүүлдэг “гол хөзөр”-өө ашиглаад ч энэ онд төсөв тасрах эрсдэл хаалга тогшоод байна. Ойрын нэг, хоёр жилийн төсвөө л бүрдүүлдэг богино хугацааны ийм маневр мэдээж хэрэгтэй ч нүүрсний дунд, урт хугацааны стратеги гаргаж, боловсруулах хүмүүсийг нь Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлдөө оруулах шаардлагатай байгааг судлаач М.Дагва “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө анхааруулсан юм. “Учир нь урт хугацаанд нүүрс шахагдана гэдгийг бүгд л мэдэж байгаа” хэмээн тодотгож байв.