
Зургийг: Bloomberg
БНХАУ-д “Xiaomi”-ийн цахилгаан автомашин осолдож, зорчигчид нь бүгд амиа алдсан мэдээлэл гарсны дараа тус компани SUV ангиллын анхны автомашиныхаа худалдаанд гаргах товыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал: цахилгаан хөдөлгүүрт “YU7” загвараа ирэх зургаадугаар сард эсвэл наймдугаар сард зах зээлд гаргахаар төлөвлөөд байснаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Мөн энэ долоо хоногт Шанхайн авто шоуны үеэр “YU7” загвараа танилцуулах байснаа цуцалжээ.
Гуравдугаар сарын 29-нд Зүүн Хятадын Аньхуй мужид “Xiaomi”-ийн "SU7" загварын суудлын автомашин хурдны зам дээр осолдож, зорчиж явсан гурван эмэгтэй амиа алдсан хэргийг тус улсын Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Тухайн үед автомат жолоодлогын горимд тохируулсан байсан автомашин замын бетон хашлага мөргөж, тэр даруй шатжээ.
Энэхүү осол нь “Xiaomi” компанийн 10 тэрбум ам.доллароор үнэлэгдэх цахилгаан автомашины төсөлд томоохон толбо үлдээж байна. Тус компани одоогоор цахилгаан автомашины ганцхан загвар гаргаад байгаа бөгөөд SUV ангилалд тэлснээр “BYD”, “Tesla” зэрэг компанитай өрсөлдөх хөшүүрэгтэй болох юм.