
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Meta Platforms”-ийн Марк Закерберг, “Oracle”-ийн Сафра Кац, “JPMorgan Chase”-ийн Жэйми Даймон тэргүүтэй удирдах албан тушаалтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын шийдвэр дэлхийн зах зээлийн доргиохоос өмнө олон тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцаагаа заржээ.
Марк Закерберг оны эхний улиралд өөрийн “Chan Zuckerberg Initiative” сангаар дамжуулан “Meta Platforms”-д эзэмшдэг 733 сая ам.доллартой дүйцэх 1.1 сая ширхэг хувьцаагаа зарсныг компаниудын дотоод хувьцааны авах, зарах хөдөлгөөнийг хянадаг “Washington Service” ил болгосон байна. Ингэхдээ “Meta Platforms”-ийн нэгж хувьцааны ханш 600 ам.доллароос дээгүүр байсан I, II сард тэрбээр энэ бүх арилжааг хийжээ. Түүнээс хойш тус компанийн хувьцааны ханш нийт зах зээлийн уналтыг дагаж, хоёрдугаар сарын 14-нд хүрсэн дээд түвшнээсээ өдгөө 32 хувиар буураад байгаа юм.
Үүнээс гадна “Oracle”-ийн Гүйцэтгэх захирал Сафра Кац компанийнх нь хувьцааны ханш 30 хүртэлх хувиар унахаас урьтан 705 сая ам.доллароор хэмжигдэх 3.8 сая ширхэг хувьцаагаа зарсан байна. Хувьцаагаа зарсан орлого, үлдсэн хувьцаа, бусад хөрөнгө оруулалтын багцыг нь нэгтгэн тооцвол Сафра Кацын нийт хөрөнгө 2.4 тэрбум ам.доллар болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Харин АНУ-ын хамгийн том банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон оны эхний улиралд 234 сая ам.долларын хувьцаагаа зарж, хөрөнгө нь гурван тэрбум ам.доллар хүрчээ.
2025 оны I улиралд зах зээл маш савлагаатай байлаа. Дональд Трампын албан тушаалаа авсан эхний өдрүүдэд технологийн салбарын хувьцаанууд цойлсон ч тарифын бодлогоос нь улбаалсан тодорхойгүй байдал энэ бүх өсөлтийг арилгаж, улмаар дэлхийн хувьцааны зах зээлийн үнэлгээнээс олон их наяд ам.доллар арчигдсан юм. Уналт тэрбумтнуудад халтай тусаж, дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маскийн хөрөнгө л гэхэд энэ он гарсаар 129 тэрбум ам.доллароор буураад байна. Хэдий тийм боловч мэдээлэлд ойр зарим тэрбумтнууд хувьцааны ханш өндөр үед нь зарж, хямд үед нь эзэмшлээ нэмэгдүүлэх замаар боломжийг ашиглаж байна.
Оны эхний гурван сарын хугацаанд хамгийн их хувьцаагаа зарсан тэрбумтнууд
1. Марк Закерберг
“Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал
Зарагдсан нийт хувьцаа: 1,102,945
Борлуулсан нийт дүн: $733,483,827
2. Сафра Кац
“Oracle”-ийн Гүйцэтгэх захирал
Зарагдсан нийт хувьцаа: 3,805,082
Борлуулсан нийт дүн: $705,455,414
3. Никеш Арора
“Palo Alto Networks”-ийн Гүйцэтгэх захирал
Зарагдсан нийт хувьцаа: 2,365,196
Борлуулсан нийт дүн: $432,371,610
4. Макс де Гроен
“Nutanix”-ийн Захирал
Зарагдсан нийт хувьцаа: 5,500,000
Борлуулсан нийт дүн: $409,805,000
5. Чак Давис
“Axis Capital Holdings”-ийн Захирал
Зарагдсан нийт хувьцаа: 4,373,673
Борлуулсан нийт дүн: $399,999,882
6. Стивен Коэн
“Palantir Technologies”-ийн Ерөнхийлөгч
Зарагдсан нийт хувьцаа: 4,060,000
Борлуулсан нийт дүн: $337,239,916
7. Жэйми Даймон
“JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал
Зарагдсан нийт хувьцаа: 866,361
Борлуулсан нийт дүн: $233,776,513
8. Эрик Лефковски
“Tempus AI”-ийн Гүйцэтгэх захирал
Зарагдсан нийт хувьцаа: 4,052,579
Борлуулсан нийт дүн: $231,462,927
9. Тед Сарандос
“Netflix”-ийн Гүйцэтгэх захирал
Зарагдсан нийт хувьцаа: 199,063
Борлуулсан нийт дүн: $194,880,917
10. Травис Боерсма
“Dutch Bros”-ийн Үүсгэн байгуулагч, Тэргүүн
Зарагдсан нийт хувьцаа: 2,500,000
Борлуулсан нийт дүн: $189,611,197
Biz Carso