
Зургийг: Morsa Images/Digital Vision/Getty Images/Bloomberg
Цар тахлын үеэр хүн бүр гэртээ хоригдсоноор дижитал маркетингийн тэсрэлт тохиож, компаниудын сошиал сүлжээнд зарцуулах төсөв огцом өсөж байлаа. Энэхүү хөрөнгө оруулалтын өгөөж компаниудын хүлээлтэд хүрсэн эсэхийг харуулах судалгаанууд эхнээсээ гарч эхэлж байна.
Сошиалаас уламжлалт руу
“Эм Эм Си Жи” ХХК-аас хоёр жил тутамд гаргадаг, “Топ 50” компанийн маркетингийн захирлуудыг оролцуулдаг CMO судалгааны энэ жилийн тайланг харвал дээрх асуултын хариу нь “үгүй” бололтой. Хэдийгээр дижитал шилжилтэд хиймэл оюуны ахиц дэвшил улам ташуур өгч буй ч нөгөө талдаа сошиал медиа хэрэглэгчдийн идэвх буурч байна гэж захирлуудын дийлэнх нь үзсэн байна.
Тиймдээ ч 2024 онд компаниудын дижитал медиа сурталчилгаанд зарцуулсан төсөв 2022 оны дүнгээс таван пунктээр, сошиал медиад зарцуулсан төсөв мөн адил таван пунктээр буурчээ. Харин уламжлалт медиа сурталчилгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс гадна инфлүэнсер, контент бүтээгчдэд хуваарилсан төсөв нэмэгдсэн дүр зурагтай байна.
Компаниудын сошиал зарцуулалт багасахад өнөөгийн сошиал платформуудын цар хүрээ дэндүү томорч, контентууд хэт олширсноор зар сурталчилгаагаа зорилтот зах зээлд хүргэж бусдаас ялгаруулахад хүнд болсон нь нөлөөлсөн байх талтай. Мөн хэрэглэгчид сошиал орчинд анхаарах, итгэх нь буурч буй хандлага ажиглагдсаныг судалгаанд оролцсон захирлуудын төлөөлөл онцолсон байна.
“MMCG”-ийн судалснаар монголчуудын 69 хувь нь “Facebook”-ээс мэдээллээ авдаг ч түүндээ итгэдэг иргэдийн хувь ердөө 22 хувь байжээ. Харин 40 хувь нь телевизээс мэдээллээ авч, 52 хувь нь телевизийг итгэлтэй эх сурвалж гэж үздэг аж.
Ерөнхийд нь дүгнэвэл маркетингийн мэргэжилтнүүд хэрэглэгчээ илүү сайн таньсан, гол харилцагчдадаа төвлөрсөн, хэрэглэгч тус бүрийн зан төлөвт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шийдвэр гаргалт руу шилжих хандлага эхэлсэн нь дээрх судалгаанаас харагдаж байна.
BTVM-ийн стриминг тун удахгүй…
“Bloomberg TV Mongolia” дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо тун удахгүй нээх гэж байна.
Бүх төрлийн төхөөрөмжөөс хандах боломжтой, хэрэглэгч бүрд тусгайлан төгөлдөржүүлсэн систем бүхий энэхүү платформоор бид “Блумберг”-ийн нэрийн хуудас болсон шинэ, шуурхай мэдээлэл, зах зээлийн тойм шинжилгээ, тусгай эрхтэй контент нэвтрүүлгүүдийг тогтмол хүргэх болно.