
Зургийг: Stefano Costantino/SOPA Images/Getty Images/Bloomberg
Өнөөгийн дэлхийд өөрчлөлт шинэчлэлт, энэрэл нигүүлслийн бэлгэ тэмдэг болсон эрхмүүдийн нэг Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын католик шашны тэргүүн Пап Францис 88 насандаа таалал төгссөнийг Ватиканы Кардинал Кевин Фэррелл зарлалаа.
"Өнөөдөр өглөө 07.35 цагт Ромын хамба Эцгийн өргөөндөө эргэн заларлаа" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод мэндэлжээ. Есүс Христийн нийгэмлэг буюу Иезуит бүлгийн санваартан, хожмоо Аргентины Иезуитуудын удирдагч байсан тэрбээр 2013 онд Ромын Папаар сонгогдож, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтны тэргүүн болж байлаа. Тэрбээр Америк тивээс, тэр дундаа дэлхийн өмнөд хагасаас төрөн гарсан анхны Пап болж байв.
Эгэл даруу, энгийн дөлгөөн байдлыг нэрийн хуудас болгосон түүний алсын хараа зөвхөн сүсэг бишрэлээр хязгаарлагдаагүй. Шашин хоорондын зааг дээгүүр гүүр босгож, ойлголцол, харилцан хүндлэл бий болгохоор зорьсны зэрэгцээ нийгмийн шударга ёс, тэгш байдлын төлөөх үйл хэрэг нь ядуурал, цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн асуудалд даян дэлхийн анхаарал чиглэхэд том нөлөө үзүүлсээр ирсэн юм.