
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Яриаг бичвэр рүү буулгадаг программ хангамжийн компани “Otter.AI”-ийн захирал Сэм Лианг бусад захирлуудын нэгэн адил хурал, уулзалт дээр ярих зүйлсээ байнга бодож тунгаадаг. Хэдий тийм боловч хуралдахад аль болох бага цаг зарцуулах, тэр тусмаа чухал биш уулзалтуудад бүр орохгүй байх нь түүний хүсэл. Бусад захирлууд ч түүнтэй ижил хүсэлтэй гэж найдсан учир тэрбээр “Sam-bot”-ийг бүтээхээр шийджээ.
“Otter.AI” энэхүү хиймэл оюунт аватарыг сургахдаа Сэм Лиангийн арваад жилийн өмнө компаниа үүсгэн байгуулснаас хойш оролцсон олон мянган хурал дээр хэлсэн үгс, хурлаас үлдсэн протокол, бичиг баримтуудыг ашиглаж байгаа аж. Үүнээс гадна аватарыг Сэмийн хоолойгоор ярьдаг болгон хөгжүүлжээ. Ингэснээр хурал дээр ихэвчлэн хөндөгддөг жижиг сажиг зүйлс, шийдэл нь тодорхой асуудлуудын 90 хувийг түүний өмнөөс шийдэж, харин Сэм бусад ажлууддаа төвлөрөх боломжтой болохыг компани мэдээлж байна.
“Мэдлэгийг маань энэ бот авсан учраас миний яаж боддогийг мэднэ гэсэн үг. Аливаа асуултад би юу гэж хариулах байсныг миний өмнөх харилцан ярианууд дээр үндэслэн бодож олох чадвартай” хэмээн Сэм Лианг “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хэрэв шинэ хүн ажилд авах гэх мэт хэцүү асуулт тулгарвал аватар “жинхэнэ” Сэм Лиангтай шууд холбогдож шийд өгөх аж. Үүгээр зогсохгүй ярьж байхдаа пауз авах, эсвэл бусдын яриаг таслах гэх мэтээр тухайн захирлын зан араншинг дуурайлган хөгжүүлэх боломжтой гэжээ.
Тус компани туршилтын журмаар саяхан “Sam-bot”-ийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захиралтайгаа хуралдуулжээ. Захирлын асуусан асуултуудад бот шулуухан хариулж, шинэ бүтээгдэхүүн, хэрэглэгчийн санал сэтгэгдлийн талаар нарийн ярьж байсан ч бүх зүйл төгс байсангүй. Зарим хариултыг олон давтан хэлж байснаас гадна яриаг нь таслах үед “техникийн саатал гарлаа” хэмээн уучлал гуйсан байна.
Хиймэл оюуны ахиц дэвшил хэдий гайхалтай ч нөхцөл байдал, уур амьсгалыг хүн шиг мэдэрч чадахгүй хэвээр байгааг энэ нь харуулж байна. “Бид ахицтай ажиллаж байгаа ч ботоо зах зээлд гаргах түвшинд хараахан төгөлдөржүүлээгүй байна. Дотооддоо туршиж үзэхэд маш сайн ажилласан. Харин сэтгэл хөдлөлийн тал дээр үнэлэхэд хүнд байна” хэмээн Сэм Лианг өгүүлжээ.
Улам нарийн төвөгтэй болж буй ажлуудад ороогдож, бүх асуудалд нэгэн зэрэг анхаарч чадахгүй байгаа захирлууд бол “Sam-bot”-ийн зорилтот зах зээл юм. Чухал шаардлагагүй хурал уулзалтуудад удирдах албан тушаалтнуудын үрсэн цаг 2019 оноос хойш 51 хувиар өссөнийг “Asana Work Innovation Lab”-ийн судалгаа харуулж байна. Өөр нэг судалгаагаар ажлын явц танилцуулах, төсөв хянах гэх мэт байнга болдог хурлууд томоохон байгууллагуудад жилийн 100 сая ам.долларын үргүй зардал гаргах боломжтой нь харагджээ.