
Зургийг: Chagee/PRNewsfoto
(Bloomberg) -- 30 настай хятад энтрепренер Жан Жуньжиэ хурдацтай тэлж буй цайны сүлжээ кафены бизнестээ IPO хийснээр АНУ, БНХАУ-ын зөрчлөөс үүдсэн худалдаа, зах зээлийн хүнд үеийг үл харгалзан тэрбумтнуудын эгнээнд дэвшлээ.
Түүний удирддаг “Chagee Holdings” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа пүрэв гарагт “Nasdaq” бирж дээр эхэлж, 411 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна. Харин нэгж хувьцааны ханш нь эхний өдрийн арилжаагаар 16 хувиар өсөж, 32.44 ам.долларт хаагдсанаар Жан Жуньжиэгийн нийт хөрөнгө 2.1 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Ийнхүү тэрбээр сүүлийн жилүүдэд зөвхөн улсдаа тогтохгүй дэлхийн хэмжээнд эрчимтэй түгэн дэлгэрч буй БНХАУ-ын кофе шоп, бэлтгэсэн ундааны зах зээлээс төрөн гарсан ээлжит тэрбумтан боллоо. Өнгөрсөн сард л гэхэд хямд үнэтэй боба цай, кофе, зайрмагаараа алдаршсан “Mixue” компани Хонконгийн Хөрөнгийн биржид 444 сая ам.доллар босгож, үүсгэн байгуулагч ах дүү хоёр нь тэрбумын хөрөнгөтэй болж байв.
Жан Жуньжиэ анх 2017 онд Юньнань мужид “Chagee Holdings”-ийг байгуулжээ. Компанийн нэр нь БНХАУ-ын алдарт "Farewell My Concubine" эмгэнэлт зохиолоос үүдэлтэй бөгөөд логондоо Бээжин дуурийн жүжигчин залуу эмэгтэйг дүрсэлсэн байдаг.
Чихэрлэг, илчлэг ихтэй боба цайны брэндүүдээс ялгаатай нь “Chagee Holdings” БНХАУ-ын уламжлалт ногоон цай, хар цай, улун цайны хандыг ашигласан өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг тул эрүүл ундаа эрхэмлэдэг хэрэглэгчдийн дунд хурдацтай алдаршжээ. Хэдий тийм боловч “Chagee Holdings”-ийн кафед нэг аяга цай ердөө хоёр орчим ам.долларын үнэтэй байдаг байна. Одоогоор нийт салбарынх нь тоо 6440 гаруй байгаагаас дийлэнх нь БНХАУ-д, бусад нь Малайз, Сингапур, Тайландад байдаг аж. Мөн тус компани салбаруудынхаа 6270 орчмыг франчайз гэрээгээр эзэмшүүлдэг бол 169-ийг нь өөрсдөө эзэмшдэг байна.
БНХАУ-ын бэлтгэсэн цай, ундааны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн онд 273 тэрбум юаниар хэмжигдэж байсан бол 2028 он гэхэд 426 тэрбум юань буюу 58 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж “iResearch” тооцоолсныг тус компани үнэт цаасны танилцуулгадаа онцолжээ.
Filipe Pacheco, Diana Li