
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх 2018 онд БНХАУ-тай “Худалдааны дайн” эхлүүлснээр тус улсаас авах бараа, бүтээгдэхүүний өртөг эрс нэмэгдэж, улмаар компаниуд хувцас хэрэглэлээс авхуулаад компьютерын чип хүртэлх бүхий л үйлдвэрлэлээ тус улсын өмнөд хөрш Вьетнам руу шилжүүлэхээр яарч байлаа. Үр дүнд нь Вьетнамын эдийн засаг үсрэнгүй хөгжиж, 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт долоон хувьтай гарсан нь Зүүн Өмнөд Азидаа тэргүүлэх үзүүлэлт болсон юм.
Гэтэл үүнийг дагаад эд анги, сэлбэгийн орох урсгал, бэлэн болсон бүтээгдэхүүний гарах урсгал үлэмж нэмэгдсэн нь Вьетнамын тээврийн салбарын хүчин чадал эцэстээ тулахад хүргэжээ. Логистикийн энэхүү хүндрэлийг арилгахын тулд тус улсын Засгийн газар түүхэндээ байгаагүй өргөн хүрээний дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөж, хурдны замын сүлжээгээ тэлэхэд олон тэрбум ам.доллар зарцуулж, ачааллыг жигд хуваарилахын тулд улсынхаа өмнөд хэсэгт тээврийн шинэ маршрутууд гаргаж байна. Эдгээр амбицтай төслүүд амин чухал нэгэн түүхий эдээс хамааралтай. Тэр нь хөрш Камбож улсын элс.
Дональд Трампын шинэ “Худалдааны дайн” бүгдийг орвонгоор нь эргүүлчихгүй л бол Вьетнам улс 2025 онд нийт 1000 гаруй км урттай авто зам ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэхдээ замын суурь тавьж, тэгшлэхэд ашигладаг голын ёроолын элсний нөөц нь дотооддоо шавхагдах дөхжээ. Голын эрэг нурж, орон гэр сүйдсэн тохиолдол сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарсан тул Вьетнамд элс, хайрга олборлолтыг олон нийт хүчтэй эсэргүүцдэг болоод байгаа аж.
Иймд эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд нэн чухал шаардлагатай элсний нөөц бүрдүүлэхийн тулд Вьетнам улс өнгөрсөн онд Камбожийн олборлогч компаниудад хандаж асар их хэмжээний элс импортлох хүсэлт тавьсан байна. Төлөвлөгөө даруй хэрэгжсэнээр хоёр улсыг заагладаг Меконг мөрнөөр дамжсан элсний худалдаа хүчээ авчээ.
Сансрын зургаас харвал мөрний эрэг хооронд элс тээвэрлэж буй гатлага онгоцны тоо хоёрдугаар сарын зургаанд 83 байсан бол гуравдугаар сарын есөнд 385 орчим болж нэмэгдсэн байна. Онгоцоор ирсэн элсийг эрэг дээр буулгаж, ачааны автомашинд ачаад өмнөд Вьетнам дахь барилгын ажлын талбайнууд руу зөөдөг аж.
Andy Lin, Spe Chen