
Зургийг: mle.mn
Улсын хэмжээнд 15.8 сая га газрыг эзэмших зорилгоор ашиглах боломжтой байгаагаас 42 хувийг нь иргэн болон аж ахуйн нэгж эзэмшсэн үзүүлэлттэй байна. Харин өмчлөх боломжтой 43.6 мянган га газар байгаагаас 20 хувийг нь өмчлүүлжээ.
Нийслэл хотод олгох газар үлдээгүй учраас шинээр газар олголт хийгдэхгүй, харин ойрын бүс болох Багахангай, Багануур дүүрэгт багахан хэмжээний газар олгохоор төлөвлөж буйг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас мэдээллээ. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт газраа бүртгүүлж өмчлөөгүй ч үл хөдлөх хөрөнгө барьж удаан суурьшсан айл өрхөд газрыг нь албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээжүүлэн өгөхөөр төлөвлөж байгааг онцлов.
2025 он гарсаар улсын хэмжээнд нийт 2473 байршилд газар олгосныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар тодотгосон юм. 2024 онд 15 мянга гаруй байршилд газар олгож, 2242 нэгж талбар газрыг дуудлага худалдаанд оруулсан байна.
Өнгөрсөн онд дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, аялал жуулчлалын баазын зориулалттай 103 мянган м.кв талбай бүхий газрыг 82.9 сая төгрөгөөр худалдсан нь хамгийн өндөр үнэлгээ болжээ. Дуудлага худалдаагаар худалдсан газруудаас аялал жуулчлал, амралтын баазын зориулалттай газар харьцангуй өндөр үнэ хүрсэн байна.
Ойрын хугацаанд буюу ирэх тавдугаар сарын 15-нд болох дуудлага худалдаагаар долоон байршилд ашиглах болон өмчлөх зориулалтаар газар борлуулахаар зарлагдсан нь бүгд Баянхонгор аймагт бүртгэлтэй байгаа аж. Энэ удаагийн дуудлага худалдаагаар хамгийн ихдээ 10 мянган м.кв талбай бүхий газрыг борлуулахаар бүртгүүлжээ. Хамгийн доод үнэ нь 45 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол дээд үнэ нь 770 орчим мянган төгрөг байна.