logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хамтарсан компани байгуулж, ОХУ-аас 20 жилийн турш онгоцны түлш авах хэлэлцээр дэмжигдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 16 15:20
    1434

    Зургийг: MIAT Mongolian Airlines

    Хэлэлцээрийн төсөлд тусгаснаар Монголын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компанийг "Эрчис ойл" компанийн дор байгуулна

    Монгол Улс ОХУ-тай хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төсөл УИХ-ын Төсвийн байнгын хороогоор дэмжигдлээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох амбицтай том төсөл хэрэгжүүлж эхлээд буй Монгол Улсын хувьд энэ хэлэлцээр эсрэгээрээ ганц нийлүүлэгчээс хамааралтай байдлыг улам нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол дагуулж байна.

    Хэлэлцээрийн төсөлд тусгаснаар Монголын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компанийг "Эрчис ойл" компанийн дор байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой хангах болон агаарын хөлгүүдийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлнэ. Жилд 70 орчим мянган тонн онгоцны түлш хэрэглэдэг Монгол Улсад хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд тус хамтарсан компани онгоцны түлш нийлүүлнэ гэжээ.

    Өмнө нь МИАТ ТӨХК тендер зарлаж, шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос эхлэн Төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлж байгаа аж. Хэлэлцээр байгуулснаар ОХУ-д нийлүүлэлтийн аливаа асуудал үүслээ гэхэд экспортын хязгаарлалт, хориг тавигдахгүй байх давуу талтайг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцоллоо. 

    Өдгөө баригдаж буй газрын тосны үйлдвэр 2028 онд ашиглалтад орсныхоо дараа жилд 80 мянга гаруй тонн онгоцны түлш үйлдвэрлэх хүлээлттэй. Хэдий тийм боловч түлшний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байх тул эхний ээлжид дотоодын үйлдвэрлэлээс, дутагдал үүсвэл хамтарсан компани түлшээр хангах заалтууд багтсаныг тэрбээр нэмж дурдсан юм. 

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан

    Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай энэхүү хэлэлцээр Засгийн газрын түвшинд анх батлагдаж байв. Энэ хүрээнд ОХУ жил бүр 60 мянган тонн онгоцны түлш, 1.8-1.9 сая тонн газрын тосны бусад бүтээгдэхүүн Монголд нийлүүлэхээр болж байгааг тус улсын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв өнгөрсөн онд Дорнын эдийн засгийн форумд оролцох үедээ мэдээлж байлаа.

    Хэлэлцээрийн төслөөс анхаарал татаж буй бусад заалтууд гэвэл:

    • Хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана.
    • Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан хоёр сарын хугацаанд шийдвэрлэхгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүнийг холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ.
    • Хэлэлцээрийн заалтууд нь Монгол Улс болон ОХУ-ын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна.

    Үүнээс гадна хамтарсан компанийн чиг үүргийг “Чингис хаан" нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах хэмээн төсөлд тодорхойлсон байна. Энэ нь онгоцыг цэнэглэхэд ашигладаг системд түлшээ байрлуулж, хадгалахыг хэлж байгааг салбарын сайд тайлбарлалаа. 

    Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

    Cэтгэгдэл бичих