
Зургийг: Yui Mok/PA Images/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Мягмар гарагийн арилжаагаар “Hermès International SCA”-ийн зах зээлийн үнэлгээ хэсэг хугацаанд 243.65 тэрбум еврог давснаар Францын жишиг “CAC40 Index” дэх хамгийн том компани болсон байна. Харин “LVMH”-ийн I улирлын тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь 8.4 хувиар унаж, зэх зээлийн үнэлгээ нь 243 тэрбум евро орчимд очжээ. “Худалдааны дайн” хурцадсаны улмаас гол зах зээл БНХАУ, АНУ-д бүтээгдэхүүний эрэлт удааширсан нь “LVMH”-ийн базаахгүй үзүүлэлтэд нөлөөлсөн аж.
“Birkin” цүнхээрээ алдаршсан “Hermès“ компанийг 15 жилийн өмнө “LVMH” худалдан авах оролдлого хийж, Францын бизнесийн ертөнцийг цочроож байлаа. Тухайн үед “LVMH”-ийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Бернар Арно тус компанийн их хэмжээний хувьцааг чимээгүйхэн худалдан авсан нь ил болсон юм. Бернар Арногийн энэхүү алхмын эсрэг “Hermès”-ийн үүсгэн байгуулагч гэр бүлийнхэн хүчээ нэгтгэж, улмаар жижиг компаниудыг "өршөөлгүй" нэгтгэдгээрээ зартай тэрбумтныг хэдэн жилийн дараа хувьцаагаа эргүүлэн зарахаас өөр аргагүй болгож байлаа.
Түүнээс хойш “Hermès” бие даасан байдлаа хадгалах стратеги баримталж, мөн хамгийн чинээлэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулж, "онцгой, ховор" гэсэн брэнд нэр хүнд бүрдүүлсний ачаар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн зах зээлийн хүндрэлийг өрсөлдөгчдөөсөө илүү тэсвэртэй даван туулж чаджээ.
Angelina Rascouet