
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Цэвэр эрчим хүчний шилжилтээс шалтгаалан урт хугацаандаа зэсийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед Монгол Улсын зэсийн салбарт ямар боломжууд, мөн сорилтууд байгааг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн шинэ судалгаандаа зурагласан байна.
Монгол Улс зэсийн арвин их нөөцтэй оронд тооцогддог, нийт зэсийн баялаг, нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт бичигдэж байна. Одоогоор Монгол Улсын зэсийн үйлдвэрлэл үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр” болон “Оюутолгой” гэсэн хоёр томоохон төсөлд тулгуурлаж байна.
“Цагаан суварга”, “Хармагтай” зэрэг шинэ төслүүд салбарын боломжийг нэмэгдүүлж буй ч хайгуулын ажилд зохих хөрөнгө оруулалт хийхгүй бол нэмж хэрэгжих боломжтой төслийн тоо одоогоор хязгаарлагдмал байгааг судалгаанд онцолжээ.
Үүний зэрэгцээ Монголын зэсийн бараг бүх бүтээгдэхүүн гүн боловсруулаагүй буюу зэсийн баяжмал хэлбэрээр экспортод гардаг. Харин катодын зэс зэрэг нэмүү өртөг шингээсэн дотоодын үйлдвэрлэл бага хэмжээтэй байна.
Олборлолтын дараагийн үе шатыг хөгжүүлэхэд саад болж байгаа хүчин зүйлсээс дурдвал
- Зохицуулалт тодорхой бус болон бодлого тогтворгүй
- Хайгуулын ажил зогсонги байснаас дараачийн үе шатны төслүүд удаашрах
- Дэд бүтцийн дутагдлыг шийдвэрлэхгүй удах зэрэг байна.
Эдгээрээс шалтгаалж эрчим хүчний шилжилтийн цаг үед уул уурхай ба эдийн засгаа хөгжүүлэх боломжийг алдах эрсдэлтэй тулгарч байгааг анхааруулжээ. Иймд зэсийн шинэ төслүүдийн эдийн засаг, санхүүгийн үр нөлөөнд нарийвчилсан дүн шинжилгээ хийх, Төрийн өмчит компаниудын шинэтгэлийг улам гүнзгийрүүлэх, АМНАТ-ийн бүтэц, хуулийг тодорхой болгох, дэд бүтцийн төслүүд, тэдгээрийн санхүүжилтийг үр ашигтай төлөвлөх зэрэг бодлогын зөвлөмжүүд өгсөн байна.