logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Үнийн дээд цэгээ шинэчилсээр байх хүлээлттэй алтанд хэрхэн хөрөнгө оруулбал тохиромжтой вэ?
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 15 09:00
    463

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    Жил гаруйхны өмнө алтны үнэ унц нь 3000 ам.доллар хүрнэ гэсэн төсөөллүүд дэндүү хол санагдаж байлаа

    Өдгөө алт зах зээлийн шуурганд зүг чигээ алдсан хөрөнгө оруулагчдыг хамгаалах цагийн шалгуурыг давсан хэрэгсэл гэдгээ дахин нотолж, үнэ нь үргэлжлэн өссөөр 4000 ам.доллар давна гэдэгт томоохон банкнууд мөрийцөх боллоо.

    Гялалзсаар байх нь

    Төв банкнуудын төсөөллөөс давсан эрэлт, мөн эдийн засгийн уналт, геополитикийн эрсдэлийн хамгаалалт болдог уламжлалт үүргийг нь харгалзан Goldman Sachs, UBS банкнууд алтны үнийн төсөөллөө дахин нэмэгдүүллээ.

    Лина Томас тэргүүтэй “Goldman Sachs”-ийн шинжээчид энэ оны эцэс гэхэд алтны үнэ унц нь 3700 ам.доллар, 2026 оны дундуур 4000 ам.доллар хүрч өснө хэмээн төсөөллөө шинэчилжээ. Харин “UBS”-ийн стратегич Жони Тевес 2025 оны 12 дугаар сард унц алтны үнэ 3500 ам.доллар болно гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ 6.6 хувиар дээшилж, даваа гарагийн байдлаар унц нь 3245 ам.доллар шүргэсэн нь ээлжит түүхэн дээд цэг болсон юм. Сүүлд гуравдугаар сард шар металлын үнийн төсөөллөө өсгөж байсан тус хоёр банк ийнхүү дахин өсгөсөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого дэлхийн зах зээлийг бужигнуулж буй бүрхэг орчинд алтанд итгэх итгэл хүчтэй байгаагийн дохио болж байна.

    “Goldman Sachs”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Төв банк, сангуудын худалдан авалт энэ онд сард дунджаар 80 тонн орчим байх төлөвтэй. Мөн АНУ-ын эдийн засаг агших эрсдэл нь алт дагадаг биржээр арилжаалагддаг сангуудад орох урсгалыг улам нэмэгдүүлж магадгүй аж. Тус банкны тооцоолсноор АНУ-ын эдийн засаг 2025 онд агших магадлал 45 хувьтай байгаа. Хэрэв энэ дүр зураг биеллээ олбол “ETF-ийн орох урсгал эрчимжиж, улмаар оны эцэс гэхэд алтны үнийг 3880 ам.долларт хүргэнэ” гэж бичжээ.

    Яаж хөрөнгө оруулбал зохистой вэ?

    Эрсдэлтэй хөрөнгүүд унасан үед хөрөнгө оруулалтын багцынхаа 3-10 хувийг алтаар бүрдүүлэх нь зохистой шийдвэр гэж стратегичид зөвлөдөг. Хэдий тийм боловч та гулдмай, зоос зэрэг биет алт сонирхож байвал тэдгээрийг дагаж ирдэг чанарын асуудал, хадгалах газар, даатгал болон өртөг зардлын бусад асуудлыг бас бодох хэрэгтэй.

    unnamed (1).jpg

    Харин илүү орчин үеийн хувилбар гэвэл ETF буюу биржээр арилжаалагддаг сангаар дамжуулан алтанд хөрөнгө оруулж болно. Гэхдээ ихэнх нь жилийн шимтгэлтэйгээс гадна эдийн засгийн уналт, өсөлтөөс хамгаалдаггүй гэдгийг санах хэрэгтэй.

    Ази соёлд алт нь хөрөнгө оруулалт гэхээсээ илүү уламжлал, гоёл чимэглэлийн үүрэг давамгай учир үнэт эдлэл, зоосны худалдан авалт өндөр байдаг. Ийм хэлбэрээр алт авахад зах зээлийн үнээс ямагт дээгүүр үнэ төлөхөөс гадна зарах цагт энэ зөрүүгээ нөхөхөд хүнд байх нь бий.

    Эцэст нь дүгнэхэд алт нь хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх ухаалаг сонголт хэвээр. Гэхдээ алтны үнийн хөдөлгөөн хэдий хувьцаа, бондынхоос хамааралгүй байлаа ч зах зээлийн савлагаанаас бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш юм.

    Cэтгэгдэл бичих