logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цөмийн шинэ реактор барих төлөвлөгөөг казахстанчууд бүх нийтийн санал асуулгаар дэмжлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 08 10:00
    755

    Зургийг: The Astana Times

    Бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн иргэдийн 71 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ

    Эдийн засгаараа Төв Азид, уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Казахстан улс бүх нийтийн санал асуулгаар атомын цахилгаан станц шинээр барихаар шийдвэрлэлээ.

    Иргэдээсээ асуув

    Цөмийн шинэ реактор барих Засгийн газрын төлөвлөгөөг дэмжих асуудлаар ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн нийт иргэдийн 71 хувь нь “тийм” гэж хариулт өгснийг Казахстан улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Санал асуулгын ирц 64 хувьтай байсан нь үр дүн хүчинтэй болоход шаардлагатай босгыг хангалттай давж байгааг мөн онцолсон байна.

    Хэдийгээр тус улс уран олборлолтын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч 1999 оноос хойш цөмийн эрчим хүч ашиглахаа зогсоогоод байсан юм. Хэдий тийм боловч сүүлийн хэдэн жилд цахилгаан ихээр хэрэглэдэг крипто салбар эрс тэлж, мөн нүүрсний хуучин цахилгаан станцуудын ажиллагаа доголдох болсны нөлөөгөөр тус улс эрчим хүчний хомсдолтой нүүр тулжээ. Тухайлбал: өнгөрсөн оны намар, өвлийн улиралд 1.5 гигаватт эрчим хүчний хомсдол нүүрлэсэн тул ОХУ-аас эрчим хүч худалдан авах шаардлага үүссэн байна.

    unnamed.jpg

    Казахстан улс 2035 он гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээ 26.5 гигаваттаар даацтай хэмжээнд нэмэгдүүлэх бөгөөд үүний 2.4 гВт-ыг нь цөмийн эх үүсвэрээс бүрдүүлэхийг тус улсын Эрчим хүчний яам мэдээлж байв. Мөн атомын шинэ цахилгаан станцын өртөг 10-12 тэрбум ам.доллар байна гэж анхан шатны тооцоолол гаргажээ. Төслийг гүйцэтгэх боломжтой компаниудын тоонд “China National Nuclear Corp”, “Korea Hydro & Nuclear Power”, ОХУ-ын “Rosatom”, Францын “Electricite de France” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа аж.

    “Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын засаг захиргаа атомын цахилгаан станц барих шийдвэрээ аль хэдийн гаргасан. Харин санал хураалт явуулсан нь энэ шийдвэрээ хууль ёсны болгох зорилготой байж магадгүй” хэмээн ACAMS байгууллагын шинжээч Жорж Волошин өгүүлжээ. Атомын цахилгаан станцын төсөл нь ОХУ, БНХАУ-аас технологийн хувьд хамааралтай байдлыг улам нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолыг Казахстаны зарим иргэд илэрхийлж байгаа аж. Тус хоёр улс нь цөмийн бусад төслүүд дээр Казахстантай хамтран ажилладаг юм.

    unnamed (3).jpg

    Олборлогч орны амбиц

    БНХАУ-ын байгалийн хийн нүсэр эрэлтийг хангахын тулд Казахстан улс хөрш ОХУ, Туркменистан улстай өрсөлдөж, экспортоо нэмэгдүүлэхийг мөн зорьж байна. Байгалийн хийн экспортоо дорвитой хэмжээнд нэмэгдүүлэхээр БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ өрнөж байгаа бөгөөд үүний тулд нэмэлт дамжуулах хоолой барихаар ч төлөвлөж буйг тус улсын Төрийн өмчит “QazaqGaz” мэдээлжээ.

    Одоогийн байдлаар тус улс жилд дөрвөн тэрбум куб метр хий БНХАУ-д экспортолж, дотооддоо 21 тэрбум куб метрийг хэрэглэдэг. 2023 онд хоёр улс байгалийн хийн экспортын гэрээгээ гурван жилээр сунгасан юм.

    Cэтгэгдэл бичих