
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтао Бээжинд болж буй Олон улсын бизнесийн форумын өмнө технологи, санхүү, эм зүйн салбарын дэлхийн шилдэг компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай холбоотой удаашраад буй гадаадын хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэх чиглэлд БНХАУ-ын тал анхаарч байгааг онцоллоо.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн уулзалтад “Apple”, БНСУ-ын чип үйлдвэрлэгч “SK Hynix”, ухаалаг гар утасны процессор үйлдвэрлэгч “Qualcomm”, санах ойн чип үйлдвэрлэгч “Micron Technology” зэрэг компанийн Гүйцэтгэх захирлууд оролцсон байна.
Өнгөрсөн онд БНХАУ-д хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1990-ээд оны эхэн үеэс хойших хамгийн бага түвшинд хүрээд байгаа нь сорилт дагуулж байгаа юм.
Түүнчлэн “Apple” болон АНУ-ын бусад брэндүүд үйлдвэрлэлээ БНЭУ зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд руу шилжүүлж эхлээд байна. Ингэснээр БНХАУ үйлдвэрлэлийн гадагшлах урсгал хурдацтай явагдаж байгаатай тэмцэх шаардлагатай болоод байгаа аж.
Үүнээс гадна БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийнхаа өсөлтийг тойрсон эргэлзээг арилгаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилгоор макро эдийн засгийн эерэг мэдээллүүдийг тогтмол зарлах стратеги баримталж байгаа юм.
Тус улсын Сангийн сайд улсынхаа төсвийн талаарх эерэг тоон мэдээллийг Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр зарласан байна. Өөрөөр хэлбэл албан ёсны тоо зарлагдахаас нэг сарын өмнө энэ мэдээллийг ил болгож, өөрийн дүн шинжилгээгээ хүргэсэн байгаа юм. Харин орлогын бууралт зэрэг сөрөг мэдээллүүдийг БНХАУ-ын Сангийн сайд мэдэгдэлдээ дурдаагүй нь анхаарал татаж байна.