logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол хүний сарын дундаж хэрэглээ ₮657,000 байгаагаас 30 хувь нь хүнсэнд зарцуулагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 08 09:45
    565

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Өрхийн нийт хэрэглээний 70 орчим хувийг хүнсний бус хэрэглээ, үлдсэнийг нь хүнсний хэрэглээ эзэлж байгаа нь Мьянмар, Камбож, Лаос зэрэг ойролцоо орнуудаас харьцангуй өндөр үзүүлэлт болж байна

    Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар Монгол Улсын ядуурлын шугамыг 2022 оноор шинэчлэн тогтоож, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядууралд өртсөн гэж тооцохоор боллоо.

    Буурав уу, өсөв үү

    Ингэснээр нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байна. Хоёр жил тутам гаргадаг энэ түвшин 2020 онд 27.8 хувь, 2018 онд 28.4 хувь байснаас харвал сүүлийн жилүүдэд нэг нэгж хувьд ч хүрэхгүй дүнгээр ялимгүй буурсаар иржээ.

    Хэдий тийм боловч энэ удаагийн тооцооллыг гаргахдаа аргачлалыг нь шинэчилсэн учраас өмнөх жилүүдийнхтэй шууд харьцуулах боломжгүйг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким онцолсон юм. Тухайлбал: удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, ядуурлын шугамын хоногийн тооцоолол, насанд хүрсэн нэг хүнд ногдох хэрэглээ зэрэг асуумж, хэмжүүрүүдийг шинэ аргачлалаар тооцсон байна.

    unnamed (8).jpg

    Бүсчилж харвал баруун бүсэд ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 36.5 хувь, харин Улаанбаатар хотод хамгийн бага буюу 21.6 хувь байгаа юм. Гэхдээ ядууралд өртсөн нийт иргэдийн 57 хувь нь хотод (Улаанбаатарт 37 хувь), 43 хувь нь орон нутагт амьдарч байна.

    Хэрэглээ сайтай монголчууд

    Судалгаанд онцолсноор Монгол Улсын насанд хүрэгчдийн сарын дундаж хэрэглээ 657 мянган төгрөг байгаагаас 30 хувь нь хүнсэнд, 42 хувь нь хүнсний бус хэрэглээнд зарцуулагддаг аж. Түүнчлэн дунджаар өрхийн нийт хэрэглээний 70 орчим хувийг хүнсний бус хэрэглээ, үлдсэнийг нь хүнсний хэрэглээ эзэлж байгаа нь Мьянмар, Камбож, Лаос зэрэг ойролцоо орнуудаас харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Уламжлалт онолоор бол орон сууц, автомашин, боловсрол, эрүүл мэнд тэргүүтэй хүнсний бус хэрэглээ нэмэгдэх нь тухайн оронд амьдралын чанар дээрдэж, эдийн засгийн нөхцөл сайжирч буйн эерэг дохио болдог.

    Хэдий тийм боловч энэхүү ахиц нь бас орлогын ялгаатай бүлгүүд хоорондын зааг улам тэлснийг илтгэх магадлалтай тул яарсан дүгнэлт хийж болохгүйг Дэлхийн банкны өмнөх судалгаанд онцолжээ. Монгол дахь хүнсний бус бүтээгдэхүүний өндөр хэрэглээг хүйтэн цаг уур, хүн амын сийрэг суурьшил зэрэгтэй холбон тайлбарлах боломжтойг Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк судалгааны танилцуулгадаа дурдаж байлаа.

    Cэтгэгдэл бичих