
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Энэ долоо хоногт Сингапурт зохион байгуулагдсан Ази, Номхон далайн үнэт металлын бага хурлын зочид алтны хэтийн төлөвийн талаар өөдрөг хүлээлттэй байгаагаа онцоллоо. Хоёрдугаар сарын дундаас хойш алтны үнэ 16 хувиар өсөж, унц нь 2300 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрээд буй ч тус бүс нутаг дахь алтны эрэлт эрчээ хадгалах төлөвтэй байна.
Үүнд геополитик, макро-эдийн засгийн тодорхойгүй байдал гол нөлөө үзүүлж байгаа аж. Энэ онд 40 гаруй улс оронд сонгуулийн жил тохиож байгаа учраас улс төрийн эрсдэлийн асуудлууд нь тус бага хурлын онцлох сэдэв болсон байна. Тодруулбал: БНХАУ зэрэг томоохон улс орны эдийн засаг удааширч байгаа нь болгоомжлол төрүүлж байгаа юм. Мөн дотоодын валютуудын ханш суларч байгаа нь алтны эрэлт нэмэгдэхэд түлхэц болж байна.
Азийн бусад улсыг авч үзвэл III, IV сард Энэтхэгт алтны эрэлт сулраад байсан ч баярын үеэр борлуулалт өсөж, эрэлт сэргэснийг Дэлхийн алтны зөвлөлөөс онцолжээ.
Харин Вьетнамд оны эхний хагас жилд алтны эрэлт өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Түүнчлэн Япон улсад иений ханш суларч, алтны үнийг харьцангуй өндөр түвшинд хүргэсэн ч эрэлт өндөр хэвээр байгаа юм.