logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 3.1 хувиар өсөж, 26.3 хувьд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 08 09:33
    685

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    2023 онд 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас 66.7 хувийг нь хувьцаа, 17.5 хувийг компанийн бонд эзэлсэн байна

    Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давж, системийн нөлөө бүхий банкнууд хувьцаагаа нээлттэй арилжаалсан 2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 3.1 хувиар өсөж, 26.3 хувьд хүрчээ. Үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.8 хувиар, Банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт хөрөнгө 7.1 хувь болсон нь голлон нөлөөлжээ.

    Санхүүгийн зохицуулах хорооны жилийн эцсийн тоймд дурдсанаар өнгөрсөн онд 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас 66.7 хувийг нь хувьцаа, 17.5 хувийг компанийн бонд эзэлсэн байна. Долоон компани IPO хийж, нийт 338.2 тэрбум төгрөг, мөн долоон компани бонд гаргаж, 107.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.

    Харин 2022 онд 2.4 хувь байсан хувьцааны хөрвөх чадвар 2023 онд 1.5 хувь болж буурсан нь анхаарал татаж байна. Хөрвөх чадвар бага, төвлөрөл өндөр зэрэг хөрөнгийн зах зээлийн одоогийн зарим асуудлыг шийдвэрлэе гэвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид татах сувгуудыг нэмэх хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг.

    "Зах зээлийн цар хүрээг тэлэхийн тулд удирддаг хөрөнгийн хэмжээг (AUM) өсгөх ёстой ч Монголын дундаж иргэний хуримтлалын хэмжээг авч үзвэл зөвхөн жижиг хөрөнгө оруулагчдад найдахад хэцүү"-г "Ашид Ассет Менежмент" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал А.Батпүрэв онцолж байлаа.

    Үүнээс гадна биржийн бус зах зээлээс 829.5 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлсэн бол уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн 7,541.4 тэрбум төгрөгийн арилжаа хийснийг Санхүүгийн зохицуулах хороо онцолжээ.

    Cэтгэгдэл бичих