
Зургийг: Balint Porneczi/Bloomberg
“LVMH” компанийн орлого хоёр хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн сул өсөлтөд тооцогдож байна. “Hennessy”, “Louis Vuitton” зэрэг тансаг зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүний эрэлт чинээлэг худалдан авагчдын дунд харьцангуй сул байсан нь голлон нөлөөлсөн байна.
Оны эхний улиралд “LVMH”-ийн борлуулалт буурсан талаар тус компани мягмар гарагт тайлагналаа.
“LVMH” компанийн хамгийн том нэгж болох хувцас загвар, арьсан эдлэлийн нэгжийн цэвэр орлого хоёр хувиар өссөн нь 3.2 хувь гэсэн шинжээчдийн таамагт хүрээгүй, мөн 2016 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болсон байна.
Харин өмнөх оны мөн үед дээрх нэгжийн орлого 18 хувиар өсөж байсан аж. “LVMH”-ийн эзэмшдэг компаниудаас “Louis Vuitton”-ийн орлого дундаж үзүүлэлтийг давсан бол “Dior” брэндийн орлого тааруу байжээ. Тайлангаас харвал тансаг зэрэглэлийн зах зээлд тэргүүлэгч “LVMH”-ийн үйл ажиллагаа саарч эхэлж буй дүр зурагтай байгаа юм.