
Зургийг: Bloomberg
Нью-Йорк, Лондоноос эхлээд Токио хүртэл дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгэн ижил төстэй зүйл ажиглагдаж байгаа нь “бүх цаг үеийн дээд түвшин” юм.
Дэлхийн тэргүүлэх 20 хөрөнгийн зах зээлийн 14 нь одоогоор бүх цаг үеийн дээд үзүүлэлтдээ хүрээд байна. Хөгжиж буй орнуудын хөрөнгийн захыг дагадаг “MSCI ACWI” индекс мөн л рекорд шинэчилсэн үзүүлэлтээ ахиулсаар байгаа бөгөөд баасан гарагт дахин шинэ дээд түвшинд хүрчээ.
Харин АНУ-д “S&P 500”, “Nasdaq 100” индексүүд энэ долоо хоногт дээд үзүүлэлтээ шинэчлээд зогсохгүй АНУ-ын “Топ 30” компанийн хувьцааг нэгтгэсэн “Dow Jones” индекс түүхэндээ анх удаа 40 мянгын босгыг давлаа. Үүний зэрэгцээ Европ, Канад, Бразил, Энэтхэг, Япон, Австралийн томоохон биржүүд оргил үзүүлэлтдээ хүрсэн эсвэл хүрэхэд дөхсөн дүр зурагтай байна.
Эдийн засгийн эрүүл үзүүлэлт, компаниудын ашгийн эерэг тайлан болон удахгүй буурах хүлээлттэй бодлогын хүү нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг хөдөлгөх урьтал нөхцөлүүд болсон аж. Дээр нь нэмэгдээд мөнгөний зах зээлийн сангуудад төвлөрсөн хөрөнгө зургаан их наяд ам.доллар хүрсэн, эрсдэл харьцангуй цөөн байгаа зэрэг өсөлтийг хөдөлгөх хүчин зүйлс мундахгүй байна.
“Макро талаас харвал одоогоор ямар нэгэн түгшүүрийн улаан дохио алга байна. Мөчлөгийн шинжтэй эдийн засгийн сайн үзүүлэлтүүд хадгалагдаж, одоогийн өсөлт улам бүр тэлэх боломжтой” гэж “Fidelity International”-ийн стратегич Салман Ахмед онцолжээ.
$12 их наядын өсөлт
Аравдугаар сарын эцсээс хойш АНУ-ын хувьцааны зах зээл тасралтгүй өсөж, үнэлгээ нь 12 их наяд ам.доллароор нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ хоёр жилийн турш дээд үзүүлэлтээ огт шинэчлээгүй байсан “S&P 500” индекс 2024 он гарсаар бүр 24 удаа бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ. Инфляц саарахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт хадгалагдаж, уналтаас зөөлөн газардах, Холбооны Нөөцийн банк энэ оноос бодлогын хүүгээ бууруулах найдлага бэхэжсэн нь үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж буй.
Нөгөөтэйгөөр хиймэл оюуны технологийг тойрсон өндөр хүлээлтийг дурдах хэрэгтэй. Хиймэл оюуны чип үйлдвэрлэлийн аварга “Nvidia” тус индексийн өсөлтийн дөрөвний нэг орчмыг дангаараа бүрдүүлжээ. Үүн дээр “Microsoft”, “Amazon”, “Meta”, “Alphabet”-ийг нэмж тооцвол дээрх технологийн компаниудын “S&P 500” индексийн өсөлтийн 53 хувийг тайлбарласан байна.
Таваарын үнэ хувьцааг дэмжиж байна
Их Британийн “FTSE 100” индекс ам.доллароор тооцвол сүүлийн гурван сарын хугацаанд “Euro Stoxx 50” индексийг өсөлтөөрөө илүүрхэж, оны эхэн үеийн сул үзүүлэлтээ бараг нөхжээ. Түүхий эдийн үнэ цойлсон нь хөгжингүй зах зээлүүдээс хамгийн бага үнэлгээтэйд тооцогддог Их Британийн хөрөнгийн зах зээлийн өсөлтөд түлхэц өгч, өрсөлдөгчидтэйгөө зэрэгцэхэд нь дэм болсон байна.
Эдийн засгийн үзүүлэлтүүдэд мэдрэг байдаг түүхий эдийн зах зээл мөн Канадын гол индекс бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрэхэд нь нөлөөлжээ. Алт, зэсийн үнэ энэ онд дээд түвшнээ удаа дараалан шинэчилсэн тус улсын индексэд 12 хувийн жин дардаг нүсэр уул уурхайн салбарынх нь өсөлтийг хөтөлсөн байна.
Япон эргэн иржээ
Японы “Nikkei 225” индекс энэ он гарсаар 16 хувиар өсөж, өнгөрсөн оны 28 хувийн өсөлтөө үргэлжлүүлж байна. Хувьцаа эзэмшигчид очих өгөөжийг сайжруулах арга хэмжээ, иений сул ханш, сөрөг утгатай бодлогын хүү гэсэн хүчин зүйлсийн хоршил нь хөрөнгө оруулагчдыг Японд татаж, өсөлтийн хөдөлгөгч хүч болсон байна.
Хэдий тийм боловч иений ханш үргэлжлэн суларснаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүйг “BlackRock” онцолжээ. Японы компанийн засаглалын реформ, дотоодын хөрөнгө оруулалт, цалингийн нэмэгдэл зэргээс харвал урт хугацаандаа төлөв эерэг тал руу хэвийж буйг дурдсан байна.
“Топ 20”-ийг товчхон
Он гарсаар 2-4 хувиар буурсан хөдөлгөөнтэй байсан Монголын Хөрөнгийн биржийн “Топ-20” индекс сүүлийн өдрүүдэд 42-43 мянган нэгжийн түвшинд хэлбэлзэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-20 орчим хувиар өсөөд байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ч 11 их наядаас дээгүүр хадгалагдаж байгаа юм.
“Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд зах зээлд уналт давамгайлсан ч энэ онд ёроолын жил байх төлөвтэй тул ирэх оноос эргээд сэргэнэ” гэж харж байгаагаа “Таван Богд Капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ илэрхийлсэн юм.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com