
Зургийг: adb.org
Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдаа болон логистикийг дэмжих зорилготой хоёр төсөл баталлаа. Эдгээр төсөлд 157.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.
Санхүүжилтийн 57.1 сая ам.доллар нь "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих" төслийн хоёрдугаар үе шатанд зориулагдана. Энэхүү төсөл нь технологийг нэвтрүүлэх замаар өрхийн үйлдвэрлэлийн чадамжийг сайжруулахад чиглэж байгаа аж.
Мөн хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөлд зориулан 100 сая ам.долларын санхүүжилт баталсан байна. Энэ санхүүжилтийг Монгол Улсын худалдааны салбарын тогтвортой байдлыг дэмжих, экспортын төрөлжилтийг дэмжих, боомтоор нэвтрэх иргэд болон бараа, бүтээгдэхүүний хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулахаар байгаа ажээ.
Эдгээр төсөл нь төсөлд багтах салбарууд дахь Монгол Улсын барьж буй бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг болно гэдгийг Азийн Хөгжлийн Банкны Суурин Төлөөлөгч Шэннон Коулин онцоллоо.