
Зургийг: Bloomberg
2023 онд IPO хийж, 500 сая ам.доллароос дээш хөрөнгө босгосон компаниудын хувьцааны ханш дунджаар 2.1 хувиар өссөнийг “Bloomberg”-ийн дата мэдээллүүд харууллаа. Энэ нь тийм ч өндөр өсөлт биш ч 2020 болон 2021 онтой харьцуулахад хавьгүй дээр үзүүлэлт болж байна.
Тодруулбал: зах зээлийн өсөлттэй байсан оргил үед буюу 2020, 2021 онд IPO хийсэн компаниудын хувьцааны ханш нэрлэсэн үнээсээ дунджаар 30 орчим хувь бага үнээр арилжаалагдаж байгаа юм. Тухайн үед хувьцааны зах зээл огцом өсөлттэй байсан буюу “S&P 500 Index” 20 орчим хувиар өсөж байжээ.
2023 онд ойролцоогоор 160 компани АНУ-ын биржүүдээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгож, нийт 25.4 тэрбум ам.долларын санхүүжилт татсан байна.
IPO-ууд зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлд маш эмзэг байдаг, учир нь шинэ хувьцаанууд арилжааны түүх бага байдагтай холбоотой гэж “Renaissance Capital”-ийн Ахлах стратегич онцолж байв. Мөн тэрбээр “Хувьцаануудын ханш огцом уналтын үед шинэ хувьцаанууд илүү өртөх хандлагатай байдаг. Хэдий тийм боловч огцом өсөлтийн үед эдгээр хувьцаанууд илүү хүчтэй эргэн ирэлт хийдэг” гэжээ.