
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Цар тахлын хямралаас үүдсэн хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт бүр мөсөн хадгалагдан үлдэж, ирээдүйд эрэлт өсөхөд түлхэц болсноор 2025 он гэхэд цахим худалдааны зах зээл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувийг эзэлдэг болох төлөвтэй. Дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл болох Ази, Номхон далайн бүс энэхүү өсөлтөд ямар үүрэгтэй оролцохыг Азийн Хөгжлийн банк өнгөрсөн сард гаргасан “Ази, Номхон далайн бүсийн цахим худалдааны хувьсал” тайландаа дэлгэрэнгүй дүгнэжээ.
ШИЛЖИЛТИЙГ АЗИ ТҮҮЧЭЭЛНЭ
Цахим худалдааны өсөлтийн хөдөлгөгч хүч нь ухаалаг гар утасны хэрэглээ, худалдагч талууд болон бүтээгдэхүүний өргөн сонголт, хүртээмжээс гадна хиймэл оюун, AR зэрэг хурдацтай хувьсаж буй технологиуд болж байна. Ази, Номхон далайн бүс нь “бизнесээс хэрэглэгч рүү” (B2C) худалдаа болон цахим жижиглэн худалдааны зах зээлд эзлэх хувиараа дэлхийд хол тэргүүлдэг бөгөөд 2025 он гэхэд эзлэх хувь нь 61 хувь болж нэмэгдэхийг тайланд онцолжээ.
Түүнчлэн улс даяар цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх шилжилтийг Сингапур, БНХАУ, БНСУ амжилттай, эрчимтэй хийсэн байхад дийлэнх хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд цахим худалдааны эрчимтэй тэлэлтийг гүйцэх төлбөр тооцооны системийг хангалттай хэмжээнд нэвтрүүлж чадаагүй байна.
МОНГОЛ БА СОШИАЛ СҮЛЖЭЭНИЙ НӨЛӨӨ
Дээрх тайланд сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж, хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлээр Монголыг нэрлэжээ. Монгол Улсын цахим худалдаа 2022 оны байдлаар 352 сая ам.доллар хүрсэн бол 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байгааг өнгөрсөн зун "Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт"-ын үеэр онцолж байсан юм.
Монгол дахь цахим худалдааны өсөлтөд сошиал сүлжээгээр дамжих худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос цар тахлын өмнө буюу 2019 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 66.9 хувь буюу 2.1 сая хүн сошиал сүлжээг идэвхтэй хэрэглэж, тэр дундаа 1.3 сая хүн “Facebook”, “Twitter”-ийг тогтмол ашиглаж байжээ.
Харин 2020 онд Монголбанкнаас явуулсан судалгаанд оролцогчдын ердөө 23 хувь нь “Alibaba”, “Amazon” зэрэг сайтуудаас шууд захиалга хийсэн, харин 45 хувь нь гуравдагч талын агентаар дамжуулж бараагаа хүлээн авснаа мэдээлсэн байна.
АРИЛГАХ ЁСТОЙ СААД
2024 онд Монгол Улсын цахим худалдааны зах зээлийн нийт орлого 516 сая ам.доллар хүрэх төлөвтэй байгаагаас дийлэнх хувийг нь БНХАУ бүрдүүлэх тооцооллыг Азийн Хөгжлийн Банкны тайланд онцолсон байна. Хэдий тийм боловч бизнес эрхлэгчдийн хувьд гадаадад олсон орлогоо хүлээн авах суваг сайн хөгжөөгүйн улмаас олон улсын төлбөр тооцооны үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байгаа асуудлыг Монголбанк саяхан хөндөж байв.
Томоохон компаниуд олон улсын төлбөр тооцоо хүлээн авдаг хэдий ч тэдний үйлчилгээг авахын тулд урьдчилж барьцаа төлбөр байршуулах зэргээр санхүүгийн шалгуур өндөр байгаа нь иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд гол хүндрэл болдог аж.