Зургийг: Jonny Cournoyer/Paramount Pictures
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хойд Америкийн “Box Office”-д аймшгийн киноны эзлэх хувь тогтмол нэмэгдэж, тасалбарын нийт борлуулалт нь жилд нэг тэрбум ам.доллар байнга давдаг болжээ. Энэ оны есдүгээр сарын байдлаар л ийм жанрын кинонуудын нийт орлого 587 сая ам.доллар хүрэхэд “A Quiet Place: Day One", "Alien: Romulus, Longlegs” зэрэг бүтээлүүдийн амжилт түлхэц болсон байна.
Богино хугацаанд ихийг олохоор зорьж буй кино компаниудын хувьд энэ нь маш сайн мэдээ юм. Хөрөнгө оруулалтын өгөөжид суурилж тооцвол 1977 оноос хойш дэлгэцнээ гарсан хамгийн өндөр ашигтай 20 киноны ес нь аймшгийн кино байгааг дата шинжилгээний “Numbers” компани мэдээлж байлаа. Түүнчлэн 1995 оноос хойш АНУ ба Канадын дэлгэцийн урлагийн зах зээлд аймшгийн киноны эзлэх хувь хоёр дахин өсжээ.
1999 онд "The Blair Witch Project" кино дэлгэцнээ гарснаар зах зээлд аймшгийн киноны боломж дахин анхаарлын төвд орж байсан юм. Сонирхогчдын хийсэн бичлэгийг сэргээж бүтээсэн мэт зураг авалттай тус уран бүтээл нь аймшгийн кино үзэгчдийг алмайруулахын тулд заавал өндөр үнэтэй компьютер график ашиглах шаардлагагүй гэдгийг харуулсан байна. Нэг сая ам.доллар хүрэхгүй зардлаар бүтээгдсэн энэхүү кино дэлхий даяар 248 сая ам.долларын орлого болж, мөн өөрийн жанраа алдаршуулах эхлэлийг тавьж байв.
Үүний шалтгаан энгийн бөгөөд ойлгомжтой. Аймшгийн киног бүтээхэд зардал болон хугацаа бага ордог. Ашиг орлогоороо тэргүүлсэн аймшгийн кинонуудад үнэтэй дүрсний эффект, цалин өндөртэй алдартнууд, зураг авалтын олон байршил шаардагдаагүй, харин үзэгчид олноороо кино театрт очих нь л чухал.
Аймшгийн киноны үзэлтийг залуу үзэгчид голлон бүрдүүлж байгаа нь бас нөлөөлж буй. “Morning Consult”-ийн судалгаанаас харвал “Z” үеийнхний ойролцоогоор гуравны нэг нь аймшгийн киног өөрийн дуртай дэлгэцийн бүтээл, киноны жанраар нэрлэсэн бол нийт насанд хүрэгчдийн 22 хувь нь аймшгийн кинонд дуртайгаа илэрхийлжээ.