
Зургийг: David Gray/Bloomberg
БНХАУ ирэх онд 4.8 тэрбум тонн нүүрс олборлох зорилт тавьсныг тус улсын төв телевиз CCTV мэдээлсэн байна. Тус улс энэ оны эхний 11 сард 4.32 тэрбум тонн нүүрс олборлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өссөн үзүүлэлт болохыг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны тоо мэдээлэл харуулж байна.
БНХАУ нүүрсний импортоо сүүлийн жилүүдэд эрс өсгөж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтээ шинэчилсээр байгаа ч дотоодын нийт олборлолттой нь харьцуулбал импортын хэмжээ маш өчүүхэн гэж болохоор байгаа юм.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газын мэдээлснээр оны эхний 11 сард нийт 490 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оноос 14.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ онд импортын биет хэмжээ 520-530 сая тонн, ирэх онд мөн 520 сая тонн давах төлөвтэй гэсэн хүлээлт салбарын компаниуд, байгууллагуудын дунд зонхилж байгааг “SXCoal” онцолж байна.
БНХАУ-ын Засгийн газраас ирэх жилүүдэд судалгаа, аюулгүй байдлын өндөр стандарт бүхий орчин үеийн том хэмжээний нүүрсний уурхайнуудын төсөлд зөвшөөрөл олгож, шатах түлшний үр ашигтай, цэвэр ашиглалтыг дэмжиж ажиллах болохыг тус улсын Үндэсний эрчим хүчний удирдах хороо мөн онцолсон байна.