logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол дахь бизнесээсээ луйврын шинжтэй үйл ажиллагаа илрүүлсэн "Trafigura" $1.1 тэрбумын алдагдал хүлээхээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 31 10:00
    3735

    Зургийг: Fabrice Coffrini/AFP/Getty Images/Bloomberg

    "Trafigura Group" олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байж, "Gunvor Group", "Rosneft" зэрэг компанитай өрсөлдсөөр ирсэн юм

    Түүхий эдийн аварга компани “Trafigura Group” Монгол Улс дахь бизнестэйгээ холбоотой луйврын шинжтэй байж болох үйл ажиллагааг илрүүлж, улмаар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгааг “Bloomberg“ мэдээллээ.

    Ноцтой зөрчил

    Тус компани 2023 оны эцэс үед Монгол дахь бизнесийнх нь тайлан тооцоотой холбоотой асуудал байгааг олж мэдсэнийг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал: Монгол дахь зарим ажилтнууд нь төлсөн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дата, бичиг баримтуудыг засварлаж, мөн хугацаа хэтэрсэн авлагын мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж байсныг илрүүлсэн байна.

    “Дотоодын хяналт, хөндлөнгийн шалгалтаар “Trafigura”-ийн Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн бизнест хамааралтай этгээдүүдээс ноцтой зөрчил илрүүлсэн” хэмээн “Trafigura”-ийн төлөөлөгч мэдээлсэн бөгөөд луйврын шинжтэй үйл ажиллагаа ойролцоогоор таван жилийн турш үргэлжилж байсныг мөн онцолжээ.

    Үйл явдалтай холбоотойгоор “Trafigura”-ийн Улаанбаатар дахь оффисын хэд хэдэн ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс гадна Монгол дахь компанийнх нь Гүйцэтгэх захирал Михаил Зелдович мөн ажлаа хүлээлгэн өгснийг эх сурвалж мэдээлсэн байна.

    Монгол дахь нарийн төвөгтэй үйл ажиллагаа

    Монголд борлуулалт хийдэг арга зам нь “Trafigura”-ийн асуудлын гол зангилаа болжээ. Монголын хуулийн зохицуулалтын улмаас тус компани, мөн гадаадын бусад фирмүүд зөвхөн хил дээрээс бүтээгдэхүүнээ нийлүүлж, дотоодын дистрибьютерүүдээр дамжуулах замаар Монголын хэрэглэгчдэд зардаг аж.

    Томоохон арилжаалагчдын стандарт арга барилын дагуу “Trafigura” Монголын дистрибьютерүүдэд зээлээр бүтээгдэхүүнээ зарж, дараа нь тэдгээр компаниуд логистикийн болон бусад зардлаа хасаад эргүүлэн төлдөг байжээ. Ингэснээр нарийн төвөгтэй, байнга өөрчлөгдөж байдаг дотоодын дистрибьютерүүдийн санхүүгийн эрсдэлд “Trafigura” ороогдсон аж. Төлөгдөөгүй зээлийн ихээхэн хувь нь компанийн Монгол дахь гол харилцагч компанитай холбоотойг “Trafigura”-ийн төлөөлөгч мөн мэдээлсэн ч ямар компани болохыг нь дурдаагүй байна.

    Жижиг зах зээлд дэндүү том алдагдал

    “Trafigura Group” олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байж, “Gunvor Group”, “Rosneft” зэрэг компанитай өрсөлдсөөр ирсэн юм. Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель, одоогийн ханшаар жилийн нэг тэрбум орчим ам.доллар гэж үзвэл тус компанийн Монголд хүлээсэн алдагдал маш томд тооцогдож байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар тус компанийн хугацаа хэтэрсэн авлагын хэмжээ 1.7 тэрбум ам.доллар хүрч, эрс өссөн нь Монголтой холбоотой байж магадгүйг өмнө нь мэдээлж байлаа.

    unnamed (1).jpg

    Есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилийн тайландаа “Trafigura” энэхүү 1.1 тэрбум ам.долларын алдагдлаа тусгаж тооцохоор бэлтгэж байгаа аж. Цаашлаад тус компани өмнөх орлогын тайлангууддаа ч засвар оруулах боломжтой юм. Хэдий тийм боловч оны эхний хагаст 1.47 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнасан тул бүтэн жилийн ашиг нь хоёр  тэрбум ам.доллар ба түүнээс дээш дүнтэй гарах магадлал өндөр байна.

    “Trafigura” компанийн Гүйцэтгэх захирал Жереми Уэйр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа эмзэг цаг үед Монголоос хүлээсэн алдагдал нь нэрмээс болжээ. Өдөр бүр Герман, Франц, Испанийн нийт эрэлтийг хангах хэмжээний газрын тос арилжаалдаг нүсэр “Trafigura”-ийн бүх хувьцааг 1400 ажилтан нь эзэмшдэг байна.

    Cэтгэгдэл бичих