
Зургийг: Erdene Resource Development
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resource Development" компани "Баян Хөндий" алтны төслийнхөө хүдрийн биетийн эхэн шатны өрөмдлөгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ удаагийн өрөмдлөгийн хөтөлбөрөөр гадаргатай ойр бүсийн хүдэр дэх алтны агуулга өндөр түвшинд буюу нөөцийн загварчлалаар анх тооцоолсон түвшинтэй нийцэж байгааг баталгаажуулсныг компанийн гүйцэтгэх захирал Питер Акерли онцолжээ.
Мөн ирэх сараас 13,500 метрийн өрөмдлөг шинээр эхлүүлж, олборлолтын төлөвлөгөөг бүрэн гаргаж дуусахад шаардлагатай эцсийн датаг цуглуулахаа мэдээлсэн байна. Төлөвлөгөөний дагуу компани 2025 оны эхний улиралд олборлолтоо эхлүүлж, оны дунд үе гэхэд анхны алтаа гарган авахаар зорьж буй.
“Баян хөндий” алтны төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл энэ оны II улирлын байдлаар 30 хувьтай явагдаж байгааг "Erdene Resource Development" өнгөрсөн сард мэдээлж байв. Санхүүгийн хувьд компани зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх гурван сарын хугацаанд 1.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар буурсан үзүүлэлт болжээ.