
Зургийг: Gabby Jones/Bloomberg
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп албан тушаалаа хүлээн аваад “TikTok”-ийг хориглосон хуулийн хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулахаа амласны дараа тус аппликэйшн АНУ-д эргэн ажиллаж эхэлжээ.
Үүнээс өмнө “TikTok” АНУ-ын хэрэглэгчдэд үйлчилгээгээ зогсоож, мөн “Apple”, “Google” компаниуд шинэ хуулийн дагуу тус аппликэйшнийг өөрсдийн платформоосоо буулгаад байсан юм.
Өнгөрсөн онд АНУ-ын эрх баригчид үндэсний аюулгүй байдлыг харгалзсан хууль баталж, БНХАУ-ын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok”-д АНУ дахь бизнесээ зарах, эсвэл тус улсад үйл ажиллагаагаа зогсоох гэсэн хоёр сонголт өгөөд байв.
Дональд Трамп дээрх хуулийн хэрэгжилтийг гурван сараар хойшлуулж, энэ хугацаанд “TikTok”-ийн 50 хувийг худалдан авч хамтарсан компани байгуулах АНУ-д төвтэй бизнес эрхлэгч хайх болохоо ням гарагт мэдэгдсэн байна.