
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Долоон их наяд гаруй төгрөгөөр хэмжигддэг Монгол Улсын орон сууцны зах зээлийн цар тахлын дараах сэргэлт, мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудын ажиллагааг харцгаая.
Үнийн өсөлт саарч байна
Нэг талд барилгын компаниуд эхэлсэн төслүүдөө дуусгахад, шинэ төслүүд эхлүүлэхэд санхүүжилтийн хүндрэлтэй тулгарч, нөгөө талд иргэдийн эрэлт хэвээр хадгалагдсанаар сүүлийн 2-3 жилийн хугацаанд Улаанбаатар хотод орон сууцны үнэ бараг урьд өмнө байгаагүйгээр эрчимтэй өсөөд буй.
2022 оны сүүлийн хагасаас хойш Яармаг, Зайсан зэрэг бүсэд нэг болон хоёр өрөө байрны үнэ багадаа 50-80 хувиар, зарим газар бүр 2-3 дахин өссөнийг “RE/MAX Mongolia”-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Харин сүүлийн саруудад үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт харьцангуй тогтворжиж, үнийн өсөлт ч саараад буй нь инфляц, валютын ханшийн өөрчлөлтөөс гадна барилгын өртөг, гол материалын үнэ буурсантай холбоотой аж.
Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр орон сууцны үнийн индекс 2023 оны эцэст 1.21 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсжээ. Шинэ орон сууцны үнийн өсөлт ялангуяа 12 дугаар сард өмнөх сараасаа 2.1 нэгж хувиар саарч, жилийн 9.9 хувьтай байсан бол хуучин орон сууцны үнийн өсөлт долоон хувьтай гарч, мөн л ялимгүй саарсан байна.
Барилгын өртөг, нийлүүлэлт зэрэг нь орон сууцны үнийн богино хугацааны өөрчлөлтийг тайлбарлах ч том зургаараа эрчим хүч, дулаан хангамжийн дэд бүтцийн дутагдал, түүнээс үүдэлтэй хэт төвлөрлийн асуудлууд нь салбарт урт хугацаанд сорилт хэвээр байх шинжтэй. “Тэнхлэг зууч” ХХК-ийн тайланд дурдсанаар Улаанбаатар хотод хаусны зах зээл сүүлийн хоёр жилд эрс тэлж, нийлүүлэлт нь 53.1 хувиар өссөний цаана орчны бохирдол, хэт төвлөрөл зэрэг олон хүчин зүйлс бий.
Зуучлалын гол тоглогч
2023 оны III улирлын байдлаар Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын 314 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлж байв. Зуучлагч компаниуд тайлант хугацаанд 1.5 их наяд гаруй төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдсан нь 2022 оны мөн үеэс 3.7 хувиар буурсан дүн болжээ.
УБЕГ-ын тоо баримтаас харвал Улаанбаатар хотод сар бүр ойролцоогоор 3500-6500 үл хөдлөх хөрөнгө эргэлтэд ордог байна. Үүний 1000-1500 орчмыг нь зуучилдаг “RE/MAX Mongolia” зөвхөн өнгөрсөн онд борлуулалтаа нэг их наяд төгрөг хүргэжээ.
“RE/MAX”-ийн борлуулсан орон сууцны дундаж үнэ 2023 онд 196 сая төгрөг болж, өмнөх оноосоо 18 хувиар өссөн бөгөөд хамгийн өндөр дүнтэй борлуулалт хийгдсэн орон сууцны хотхонуудыг “Хүннү-2222”, “King Tower”, “ZUU Residence” тэргүүлсэн байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com