
Зургийг: Soichiro Koriyama/Bloomberg
Сүүлийн олон арван жилд тохиогоогүй хамгийн огцом савлагаатай сарыг Японы зах зээл үдлээ. Иений ханш 38 жилийн доод түвшнээсээ энэ оны хамгийн дээд цэгт хүрч чангарсан бол Японы хувьцаанууд 1987 оны уналтаас хойш байгаагүй түүхэн том уналтыг толилуулав.
Бондын арилжаанд ч мөн хэлбэлзэл эрс нэмэгдэж, Японы хэт зөөлөн бодлогын хүүгийн мөчлөг дуусгавар болсон энэ үед зөв тоглолт хийхээр хичээж буй хөрөнгө оруулагчдыг багагүй шалгав. Наймдугаар сарын “драм”-ын дүр зургийг илэрхийлэх чартуудыг хүргэж байна.
Японы технологи, авто үйлдвэрлэлийн салбарын томоохон экспортлогчдыг багтаадаг “Nikkei 225 Stock Average Index” өдрийн арилжааны дүнгээр тооцвол сүүлийн 34 жилийн хамгийн өргөн арилжааны далайц бүхий сарыг үдлээ. Гурван өдрийн дотор “Nikkei Index” болон “Topix Index” тус бүр 20 хувиар унасан нь “Topix Index”-ийн хувьд 1959 оноос хойш, “Nikkei Index”-ийн хувьд 1970 оноос хойших хамгийн огцом уналт болсон юм. Гэтэл сэргэлт нь ч мөн огцом байж, хоёр индексийн уналт наймдугаар сарын эцсийн дүнгээр гурван хувь болон 1.5 хувь болж тогтворжоод байна.
Японы үндэсний мөнгөн тэмдэгтийн арилжаа мөн дутахгүй өндөр идэвхтэй байж, ам.доллар-иений хослолын долоодугаар сарын дээд, наймдугаар сарын доод үзүүлэлт хоорондын зөрүү 13 хувьтай байлаа. Иений ханш Японы эдийн засгийн хөөсрөлтийн үеэс хойших хамгийн сул түвшнээсээ эргэн чангарч, улмаар “carry trade” хийдэг арилжаалагчдын гарах урсгал дэлхийн зах зээлийг бүхэлд нь шахуу уналтад хөтөлсөн юм.
Тогтмол өгөөжтэй хөрөнгийн зах зээлд Япон улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын фьючерс ханшийн 20 өдрийн хэлбэлзлийн түвшин өнгөрсөн 10 жилийн дунджийг хол давав. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын Япон бонд худалдан авалт эрс нэмэгдэж, дөрвөн долоо хоногийн нийт худалдан авалтын дүн 2023 оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшинд хүрчээ.