
Зургийг: Heywood Yu/Bloomberg
Удаан хугацааны турш ураныг хэн ч тоодоггүй байлаа. 2011 оны Фүкүшимагийн станцын ослын дараа байдал бүр ч дордов. Цөмийн эрчим хүч дахин айдас төрүүлж, реакторуудыг ажиллуулдаг эмзэг мөртөө үхлийн аюултай түлш болох уран дэлхийн таваарын зах зээлийн арын эгнээ рүү “шидэгдсэн” юм.
Гэтэл уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, Засгийн газрууд атомын цахилгаан станцын үйлдвэрлэдэг нүүрстөрөгчийн ялгаралгүй, тогтвортой эрчим хүч рүү дахин татагдаж эхлэхтэй зэрэгцэн геополитикийн зөрчил эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлснээр ураныг чиглэсэн сонирхол эрс нэмэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 61 атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үүн дээр нэмэгдээд төлөвлөлтийн шатандаа яваа атомын цахилгаан станцын 90 төсөл, яригдаж байгаа дахиад 300 төсөл байна. Мөн олон жилийн өмнө хаагдсан станцуудыг дахин ашиглалтад оруулах төлөвлөгөө ч олширч буй.
Цөмийн эрчим хүчний энэхүү эргэн ирэлтийн цар хүрээ, хурдыг илтгэх хүчин зүйл нь ураны үнийн огцом өсөлт юм. Сүүлийн таван жилийн хугацаанд ураны үнэ 233 хувиар өссөн нь алт болон зэсийн өсөлтийг гурав нугалахаар үзүүлэлт.
Ураны бизнес сонирхол татаж буйн нэг том шалтгаан нь эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам тэлнэ гэсэн хүлээлт аж. БНХАУ, Энэтхэг, Япон, АНУ, Европ дахь ураны эрэлтийн өсөлт нь олборлогч компаниудын нийлүүлэх хурднаас хол илүү байна. Тус салбарын датаг шинжилдэг “TradeTech” компанийн тооцооллоор 2030-аад оны үед ураны эрэлт нь нийлүүлэлтээ жилд дунджаар 100 сая фунтээр давахаар байгаа аж.
“Хэрэв та цөмийн реактор эзэмшдэг бол танд уранаас өөр сонголт байхгүй. Ураны эрэлт нийлүүлэлтийн зөрүүний хэмжээ ачааны галт тэрэг адил зогсолтгүй давшиж байна” хэмээн “Sachem Cove Partners”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Майк Алкин онцолж байлаа.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com