Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Нүүрсний экспорт түүхэнд дээд түвшинд хүрсэн 2023 онд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Эдийн засгийн өсөлт ийнхүү 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, дийлэнх олон улсын байгууллагуудын төсөөллөөс давахад уул уурхай, олборлолтын салбарын сэргэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал: долоон хувийн өсөлтийн 4.4 нэгж хувийг зөвхөн уул уурхай болон тээврийн салбарын өсөлт бүрдүүлсэн байна.
Монгол Улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийг Дэлхийн банк 5.8 хувь, Олон Улсын Валютын Сан 5.5 хувь, Азийн хөгжлийн банк 5.7 хувь, харин Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк 7.2 хувьтай байна гэсэн төсөөлөл гаргаж байв.
Уул уурхайн экспортын сэргэлт, түүхий эдийн өндөр үнэ нь мөчлөгийн шинжтэй энэхүү өсөлтийг тайлбарлах бол нөгөө талд уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа нь санаа зовоох асуудал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Тиймээс энэхүү сэргэлтийн үеийг ашиглан төсвөө тэлэхийн оронд эдийн засгийн болзошгүй "шок"-ийг зөөлрүүлэх, цаашдын хөрөнгө оруулалтын орон зай гаргахын тулд гадаад валютын болон төсвийн нөөц бүрдүүлж авах хэрэгтэйг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зөвлөж байсан юм.