
“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” гурван сарын аяны хүрээнд хийсэн барилга хот байгуулалтын төлөвлөгөөт бус шалгалтаар шаардлага хангаагүй 13 аж ахуйн нэгжид 66 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, 57 барилгын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна.
Улаанбаатар хот дахь барилгуудын 91 хувьд шалгалт хийхэд 20 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа аж. Энэ хүрээнд 149 албан шаардлага, 561 зөвлөмж хүргүүлжээ. Мөн 294 барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлж, ажилтнуудыг амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулан, 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн дүгнэлтийн дагуу зургаан аж ахуй нэгжийн Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр болжээ.
Түүнчлэн барилга байгууламжид барилгын материал чухал гэдэг утгаараа чанартай барилгын материал стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэйг Барилга, Хот байгуулалтын яам мэдээллээ.
БХБЯ-ны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг
Монгол Улс нийт барилгын материалынхаа 60 гаруй хувийг импортолдог. Барилгын материал нь эрсдэл багатай бүтээгдэхүүний ангилалд багтдаг тул хилээр нэвтрэхдээ ихэнх нь хяналт, шалгалтад хамрагддаггүй байна. Иймд барилгын материал импортлогчдыг бүртгэлжүүлж, чанарыг стандарт шаардлага хангасан барилгын материал импортлох болон үйлдвэрлэх шаардлагатайг салбарынхан онцолж байсан юм.
Мөн барилгын материалын чанараас гадна үнийн асуудал ихээр хөндөгддөг. Тухайлбал: барилга байгууламжийн бүтээцэд чухал үүрэгтэй арматурын 80 орчим хувийг импортолдог учраас барилга, байгууламжийн үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг аж.