
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Канцлерын албан тушаалаа удахгүй хүлээн авах Фридрих Мерц батлан хамгаалахын салбарынхаа төсвийг олон зуун тэрбум еврогоор нэмэгдүүлэхээ Мягмар гарагт зарлав. ОХУ-ын түрэмгийлэл нэмэгдэж, Атлантын далайн чанад дахь гол холбоотон нь нүүрээ буруулж эхэлсэн энэ цаг үед дээрх шийдвэр нь зөвхөн Германаар тогтохгүй бүтэн тивийн хэмжээнд тоглоомын дүрмийг өөрчлөх боломжтой.
Ам.доллароор тооцвол Герман улс NATO-ийн орнууд дунд зарцуулалтын дүнгээрээ аль хэдийн АНУ-ын дараа бичигдэх болсон. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордонд муудалцаж, Европын Холбоо дипломат арга залиа уралдуулж байх хооронд Герман улс ер бусын чимээгүй байлаа.
Тэгвэл халаагаа өгч буй Канцлер Олаф Шольц болон түүнийг залгамжлах Ф.Мерцийн намууд олон жил үргэлжилсэн төсвийн хэт чанга бодлогыг дуусгавар болгож, аюулгүй байдал, батлан хамгаалахын зарцуулалтыг чөлөөлөхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар тохиролцоод байжээ. Мөн тэд тээвэр логистик, эрчим хүчний шугам сүлжээ зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулах 500 тэрбум еврогийн сан байгуулахаар төлөвлөсөн байна.
“Хойшлуулах боломжгүй”
Хэрэв ХБНГУ-ын парламент Бундестагаар энэ төлөвлөгөө нь батлагдвал тус улс эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын талбарт жинхэнэ “хүнд жингийн” тоглогчийн потенциалдаа хүрэх зам нь засагдах юм. Дональд Трампын Европтой, ялангуяа Украинтай харилцаж буй арга барилаас болж дээрх бүгдийн тохироо бүрдэв бололтой. Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа зогсоох АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нь холбоотнуудын хагарал хэр ноцтой түвшинд хүрснийг харуулж байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг Ф.Мерц өөрөө хэлж байлаа.
"Европ батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлэх шаардлагатай. АНУ-ын энэ сонголтуудын дараа бид нэн шаардлагатай шийдвэрүүд, ялангуяа холбооны төсөвтэй холбоотой шийдвэрүүдээ дахиж хойшлуулах боломжгүй боллоо" - Фридрих Мерц
Өөрөө өөртөө тогтоосон төсвийн хязгаарлалтаас ангижирч чадвал Герман улсад өөрчлөлт авчрах санхүүгийн тамир тэнхээ ч байна, Европтоо хамгийн хүчирхэгт тооцогдох батлан хамгаалахын үйлдвэрлэл ч байна. Гэхдээ энэ бүхэн нэг шөнийн дотор бүтчихгүй нь мэдээж.
Германы хүч чадлаас бус Германы идэвхгүй байдлаас илүү айж явдгаа Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски нэгэнтээ хэлж байлаа. Ямартаа ч “унтаж буй араатан” сэржээ. Үүнээс цааш юу хийхийг нь Европ даяараа харж байна.