
Зургийг: Chris J. Ratcliffe/Bloomberg
BREXIT-ийн дараа Их Британи татваргүй барааны худалдааг зогсоосноос хойш тус улсыг зорьдог байсан мянга мянган жуулчин өдгөө Парис, Милан, Мадридын дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг болсон байна. Их Британи 2021 оноос эхлэн жуулчдад олгодог татварын буцаан олголтыг зогсоогоод байгаа юм.
Шинэ судалгаанаас харвал 2019 онд зөвхөн Их Британид Европын бус орноос ирсэн 162 мянган жуулчин худалдан авалтын нэмүү өртгийн албан татвараа буцаан авах хүсэлт гаргаж байжээ.
Харин одоо дээрх тооны жуулчдын 20 орчим хувь нь татварын хөнгөлөлт үзүүлж буй Европын бусад оронд худалдан авалт хийж, НӨАТ-аа буцаан авдаг болсон байна.
Худалдан авалтаа Их Британиас бусад улсад хийдэг болсон 34 мянга гаруй жуулчны хувьд мөн илүү их мөнгө зарцуулдаг болсон аж. Тодруулбал: 2019 онд нэг хүн дунджаар 3600 ам.доллар зарцуулдаг байсан бол 2023 онд 4000 гаруй ам.доллар болж өссөнийг Швейцарт төвтэй “Global Blue” судалгааны агентлаг мэдээллээ.