
Зургийг: Samyang Roundsquare
Дэндүү их халуун ногоотой гэдгээрээ алдартай “Buldak” бэлэн гоймонг идэж, тэсвэр тэвчээрээ сорих тренд арваад жилийн өмнөөс эхэлж байв. Ялангуяа бэлэн гоймонгийн хэрэглээ тийм ч их биш барууны орнуудад тус гоймонг идэж үзэж буй бичлэгүүд сошиал сүлжээнд хурдтай тархаж, тэр хэрээр олны сониучирхлыг төрүүлж байлаа. Тухайлбал: рэппер “Cardi B “зөвхөн тэр гоймонг олох гэж 30 минут автомашинаар явснаа дурссан байна. Энэ онд л гэхэд Дани улс хэт халуун ногоотой гэсэн шалтгаанаар тус гоймонг дэлгүүрүүдэд зарахыг хориглох шийдвэр гаргасан юм.
Энэ бүхний ард БНСУ-ын 60 настай өв залгамжлагч, хүнс үйлдвэрлэлийн магнат “Samyang Roundsquare” группийн захирал Ким Жун Сү бий. Бэлэн гоймон нь ийнхүү гадаадад алдаршсанаар тус группийн гол компани “Samyang Foods”-ийн хувьцааны ханш 2024 онд 215 хувиар цойлоход түлхэц болжээ. Ингэснээр Ким Жун Сүгийн гэр бүлийн нийт хөрөнгө 1.1 тэрбум ам.доллар дөхөж байгааг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Гэртээ сууж хүүхдүүдээ хардаг байсан тэрбээр 1998 онд хадам эцгийнхээ гуйлтаар тухайн үед нэлээн зүдэрч байсан “Samyang Foods”-т ажиллах болсон бөгөөд өдгөө группийнхээ Гүйцэтгэх захирал нь болж дэвшжээ. Эрчүүд давамгайлсан цөөхөн гэр бүлийн бизнес ноёлдог тус улсад Ким Жун Сүгийн түүх ихээхэн онцгой юм.
Ресторанд хүмүүс халуун ногоотой шарсан тахиа идэхдээ хэдий хэцүү байгаа нь илт байвч дурлан идэж байхыг хараад Ким Жун Сү 2011 онд "Buldak" гоймонгоо гаргах санаагаа анх олж байжээ. Ингээд 1200 тахиа, хоёр тонн гаруй халуун сүмс ашигласан бүтэн жилийн судалгааны эцэст эхний туршилтын бүтээгдэхүүнээ гаргасан ч тухайн үед хэт халуун ногоотой учир амжилтад хүрнэ гэдэгт нь эргэлзэх хүмүүс олон байсныг тэрбээр БНСУ-ын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа тодотгосон байна.
Сүүлийн үед АНУ-д “Buldak” гоймонгийн эрэлт эрчимтэй нэмэгдэж, компанийн нийт борлуулалтынх нь 20 хувийг эзлэх болжээ. Тус компани “Walmart”, “Costco” зэрэг АНУ-ын сүлжээ дэлгүүрүүдийн тавиурыг дүүргэж гүйцэхгүй хэмжээнд эрэлт өссөнийг “IBK Securities” үнэт цаасны компани энэ сард мэдээлсэн байна. Оны эхний есөн сард “Samyang Foods”-ийн борлуулалтын орлого 44.2 хувиар өсөж, 839 сая ам.доллар хүрсэн бөгөөд үүний 75 хувийг гоймонгийн экспорт бүрдүүлснийг тайлагнажээ.