
Зургийг: Улаан загалмай нийгэмлэг
Монгол Улсад нүүрлэх байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр дахин өссөнийг НҮБ-ын судалгаа харуулж байна. Тэгэхээр өнгөрсөн оны зун Улаанбаатар хотод тохиосон үерийн гамшиг ойрын жилүүдэд илүү хүчтэй, хор хохиролтойгоор эргэн ирэх магадлал өндөр гэсэн үг. Муугаар бодоход энэ зун дахин үерлэвэл Монгол Улс одоогийн нөөц бололцоогоо ашиглан эрсдэлийг бууруулж, хариу арга хэмжээ авахад бэлэн байна уу?
Дээд хохирол $400 сая
2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс учрах хохирлыг боломжит суурь хувилбараар (RCP 4.5) тооцоолж үзвэл бага болон дундажаас доогуур орлоготой орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал хөгжингүй орнуудынхаас 3.6 дахин их байх төлөвтэйг "S&P Global" 2022 оны тайландаа дурдаж байв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2023 онд Монгол Улсад аюулт үзэгдэл, ослын улмаас 52.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан нь өмнөх оныхоос 56.8 хувиар өссөн дүн болжээ.
Монгол Улсад үер усны гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо жилд дунджаар 92, мөн эдийн засагт учрах хохирол жилд дунджаар 24 сая ам.доллар болохыг Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс (CAREC) 2022 онд Монгол Улсын эрсдэлийг үнэлэхдээ тооцоолжээ. Түүнчлэн 100 жилд нэг тохиох хэмжээний хүчтэй үерийн гамшгаас учрах хохирол ойролцоогоор 400 сая ам.доллар байхаар байна.
Туул голын усны түвшин өнгөрсөн онд 311 см хүрсэн нь 1966 оны үерээс хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болсон билээ. 1960-аад оны үед Улаанбаатар хотын хүн ам 200 мянга орчим байсан бол өдгөө 1.6 сая хүрээд байгааг дурдах хэрэгтэй.
Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээллээс харвал өнгөрсөн оны үерийн гамшгийн нөлөөлөлд Улаанбаатар хотын 288.7 мянган иргэн өртсөнөөс 183.8 мянга нь гэр хорооллын оршин суугчид байжээ.
Услаг жилүүд эхэлжээ
Туул голын сав газар, Улаанбаатар хот орчимд “услаг” жилүүд буюу 10-20 жил үргэлжлэх магадлалтай хур тунадас ихтэй мөчлөг эхэлж байгааг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана онцолсон юм. Тиймээс энэ зун өнгөрсөн жилийнх шиг, эсвэл түүнээс ч их хэмжээний үерийн гамшиг тохиолдох магадлалтай гэж судлаачид үзэж байгаа аж.
Энэ өвөл Нидерланд улсаас ирж ажилласан үерийн экспертүүд Улаанбаатар хотын дүүрэг болгонд эрсдэлийн үнэлгээ хийхэд нийт 10 онооноос дунджаар 3.2 оноо авсан буюу өндөр эрсдэлтэй, үерийн хамгаалалтын барилга байгууламжууд хангалтгүй гэж үнэлэгджээ.
Үерийн хамгаалалтын шинэ барилга, байгууламжийн төлөвлөлт одоохондоо харагдахгүй байгаа ч одоо байгаа хамгаалалтуудыг засаж сайжруулах, эрсдэлтэй байршлуудад баригдсан обьектуудыг буулгах замаар үерийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтойг Б.Аюурзана мөн өгүүлж байлаа.
"Хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажил бол Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлийн үнэлгээ, хохирлын үнэлгээ хийх шаардлагатай. Энэ үнэлгээнд үндэслэж байж аль хэсэгт ямар хөрөнгө оруулалт хийхээ шийдэх хэрэгтэй. Хохирлын үнэлгээгүйгээр хөрөнгө оруулалт хийвэл тэр нь үр ашиггүй хөрөнгө оруулалт болно гэж харж байна.
Мөн бид уур амьсгалын өөрчлөлт гэж яриад байгаа боловч үүнд нийцсэн арга хэмжээг бодлого, эрх зүй болон инженерчлэлийн хувьд огт авч хэрэгжүүлэхгүй байгаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд түшиглэсэн шийдлүүд нэвтрүүлэх, илүү ногоон орчинг бий болгох, шингээх технологиуд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч дасан зохицох хэрэгтэй"
"Хоёр жил дараалсан зуд, өнгөрсөн жилийн үер нь байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж байгаагийн нотолгоо бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг даван туулах чадвартай болоход бодлогын, институцын, хөрөнгө оруулалтын хүрээнд анхаарах шаардлагатай болсныг илтгэж байна"
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com