
Зургийг: aspirelimited.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани өндөр чанартай коксжих нүүрсний "Овоот" төсөлдөө төвлөрсөн IV улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант улиралд тус компани "Овоот" төслийн хөгжүүлэлтэд 0.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн шинээр баригдах нүүрс ачих, бэлтгэх төв болон Эрдэнэтийн төмөр замын терминалын төслийн EPCM барилгын ажлыг гүйцэтгүүлэх тендер зарласан нь онцлох үйл явдал байсныг тодотгов.
Дотоодын болон олон улсын хэд хэдэн компани 2025 оны I улиралд багтаан тендерт оролцох хүсэлт тавихаа мэдэгдсэн бөгөөд шалгарсан компанийг 2025 оны II улиралд зарлах аж.
Үүнээс гадна “Aspire Mining”-ийн удирдлагууд зорилтот зах зээл БНХАУ-ын хойд бүс нутагт зочилж, Төрийн болон хувийн хэвшлийн боломжит худалдан авагчидтай уулзсан байна.
2024 оны аравдугаар сарын эцсээр тус компани төслийн нүүрсний нөөцийн тооцооллыг шинээр хийж, ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тогтоогоод байгаа юм. Энэ нь “Овоот” төслийг дэлхийн зэрэглэлийн статус бүхий коксжих нүүрсний төсөл болохыг баталгаажуулж байгааг тус компани тухайн үед онцолж байлаа.
2025 оны хувьд “Aspire Mining” компани “Овоот” уурхайн ажилчдыг байрлуулах байнгын кемпийн барилгын ажлыг II улиралд эхлүүлж, энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.
Санхүүгийн хувьд улирлын эцсийн байдлаар тус компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн нөөц 13.6 сая ам.доллар байжээ. Тайлант улиралд үйл ажиллагаандаа 514 мянган ам.долларын мөнгөн хөрөнгө зарцуулсан бол бүтэн жилийн зарцуулалт нь 1.5 сая ам.доллароор хэмжигдсэн байна.