Зургийг: С.Батсайхан
Сурагчид сайн дураараа өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтэрлээ. Өмнө нь PISA олон улсын үнэлгээ, боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг үндэсний үнэлгээнд хамрагддаг байсан бол ийнхүү сурагчийн үнэлгээг олон талаас хийх боломж бүрдэж байна.
Одоогийн байдлаар математик, монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас бүх хичээлийг багтааж илүү боловсронгуй цогц болгохоор төлөвлөснийг Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээллээ.
Одоогоор долоо хоногийн хугацаанд 75 мянган сурагч өөрсдийн түвшнийг тогтоосон байна.
2023 оны 12 дугаар сард Монгол Улс анх удаа боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж нийт 81 орноос 48 дугаарт эрэмбэлэгдсэн юм.
Түүнчлэн PISA-ийн үнэлгээгээр математик, байгалийн шинжлэх ухааны хичээлээр олон улсын дунджаас 3-3.5 жилийн хоцрогдолтой байгаа бол Азийн дунджаас 2-2.5 жилийн хоцрогдолтой байна гэсэн үр дүн гараад байна.
Үүнээс гадна нийслэл, аймаг, сумд хоорондын хоцрогдол их байгааг Боловсрол, Шинжлэх ухааны сайд онцоллоо. Тодруулбал: PISA-ийн үнэлгээгээр математик, байгалийн ухааны хичээлээр нийслэл, аймаг хооронд 1.5 жилийн хоцрогдол гарчээ.
Харин аймаг, сумдын хооронд дээрх хичээлүүд дээр нэг жилийн хоцрогдолтой байна гэж дүгнэсэн байна.