
Зургийг: Christian Monterrosa/Bloomberg
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялалт байгуулж, гоморхол, өширхлөөр өдөөгдсөн улс төрийн гайхалтай эргэн ирэлтийг хийснээр тус улсын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж, хамгийн өндөр зардал гаргахаар байгаа сонгуулийн өрсөлдөөнд албан ёсоор орж байна.
Мягмар гарагт тэрбээр Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээлжээ. Ингэснээр Дональд Трамп тус намын улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай дахин өрсөлдөхөд бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа юм.
Тэрбээр “Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Төрийн албанд гүнзгий өөрчлөлт хийж, хууль бус цагаачлалыг зогсоож, худалдааны протекционист бодлогыг баримтлах замаар АНУ-ын дэлхийн тавцанд хүлээх үүргийг багасгах”-аа амлаж байна.
Ийнхүү Жо Байден, Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нүүр тулах нь ерөнхийдөө тодорхой болсон ч үүнд сэтгэл хангалуун байгаа америкчууд тийм ч олон биш болохыг “Bloomberg” бичжээ. Хоёр ч дайны гал дүрэлзэхийн хажуугаар эдийн засгийн бодлогод нь сэтгэл хангалуун бус америкчууд олон байгаа энэ үед өдгөө 81 настай Жо Байден АНУ-ыг үргэлжлүүлэн удирдаж чадах эсэх талаар эргэлзээ их байна.
Нөгөө талаас Дональд Трампын орооцолдсон хууль шүүхийн асуудлууд, мөн нийгмийн цөөнх, цагаачдын талаар хурц мэдэгдлүүд нь боломжит сонгогчдыг үргээх эрсдэлтэйг онцоллоо.