
Зургийг: Bloomberg/Anthony Wallace/AFP/Getty Images
БНСУ-ын Парламент Ерөнхийлөгч Юн Сог Ёльд итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт явуулж, улсдаа онц байдлын дэглэм тогтоох бүтэлгүйтсэн оролдлогынх нь хариуд Ерөнхийлөгчөө албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг олонхын саналаар дэмжлээ. Бямба гарагт болсон санал хураалт нь Юн Сог Ёлийн 12 дугаар сарын гурванд онц байдал зарласнаас хойших хоёр дахь удаагийн итгэл үзүүлэх санал хураалт бөгөөд тус улс 40 орчим жилийн өмнө ардчилсан улс болсноос хойших анхны тохиолдол болж байна.
- Огцруулах шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор баталгаажуулна. Энэ хугацаанд Юн Сог Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бөгөөд Ерөнхий сайд Хан Дог Сү албан тушаалыг нь орлох юм.
- Үндсэн хуулийн цэц мөн огцруулах шийдвэр гаргавал Ерөнхийлөгч даруй албан тушаалаасаа бууж, 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой.
- Юн Сог Ёль “хэзээ ч бууж өгөхгүй” гэдгээ мэдэгдэж, онц байдал зарласан нь “улсаа аврах зорилготой” байсныг тайлбарлаж байлаа.
- БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай улс төрчөөр Юн Сог Ёлийн гол өрсөлдөгч, сөрөг хүчний Ардчилсан намын дарга И Жэ Мён нэрлэгдэж байна.
Даваа гарагийн арилжаа нээгдэхэд “Kospi Index” 0.9%-иар өсөж, онц байдал зарласнаас хойших бүх алдагдлаа эргүүлэн нөхөхөд ойртоод байна. Мөн улс төрийн тодорхойгүй байдлаас үүдэн зах зээлд оролцогчдын анхаарлын төвд байсан воны ханш 0.5 хувиар чангарч, нэг ам.доллар 1428.2 вонтой дүйж байна.
Тус улсын Засгийн газрын гурван жилийн хугацаатай бондын өгөөж зургаан нэгжээр, 10 жилийн хугацаатай бондын өгөөж 46 нэгжээр буурчээ.
БНСУ-д үүсээд буй улс төрийн нөхцөл байдал өндөрлөхөөр байгаа нь хөрөнгө оруулагчид тайвширч өнөөдөр хөрөнгийн захад өсөлт давамгайлахад нөлөөллөө гэж шинжээчид үзэж байна. Хэдий тийм боловч энэ онд БНСУ-ын хувьцаануудад дарамт болсон урт хугацааны сорилтууд, тэр дундаа Дональд Трампын тарифын арга хэмжээний талаарх болгоомжлол нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлсөн хэвээр байгааг шинжээчид анхааруулж байна.