
Зургийг: С.Батсайхан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд нэрвэгдэж, мал нь тэжээлийн дутагдалд орсон гэж ХХААХҮЯ дүгнэж байна.
Хуулийн төсөлд бэлчээр хамтран ашигладаг 20-иос доошгүй малчин өрхийг нэгтгэж, хоршооллын хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Анхдагч хоршоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ. Малчдын сайн дурын холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Түүнчлэн бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажил хийх аж.
Үүнээс гадна "2024 онд тохиож буй зудын нөхцөл байдал малчин өрхүүдийн амьжиргааг эрс дордуулж байна. Мөн малын хорогдлын тоо бодит бус байна" гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээллээ. Цаашид махны үнийг чөлөөлөх, нөөцийн мах гэсэн системээс салах шаардлагатайг тодотгож байна.